ХЭНТИЙ: "Соёл гоё" залуучуудын арга хэмжээ болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-08-24 17:55:04
Чингис /МОНЦАМЭ/. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй YDB-Залуучуудын чуулга уулзалт энэ жил “Соёл гоё” уриатайгаар Чингис хотод эхэллээ.

Нийт 18 сум, гурван тосгоны 370 гаруй оюутан залуус нэгдэн чуулж тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж туршлага солилцсон юм. Чуулга уулзалтын эхэнд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав аймгийнхаа нийгэм, эдийн засгийн үзүүлэлт болон залуучууд руу чиглэсэн хөтөлбөрт арга хэмжээний талаар танилцууллаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус чуулга уулзалт нь “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд залуусыг орон нутагтаа шилжин суурьшиж, ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, залуучуудын эв нэгдэл, шударга ёсны оролцоог нэмэгдүүлэх, урлаг соёлоор дамжуулан нэгтгэх зорилготой аж.
Чуулганаар Хэнтий аймгийн залуучууд соёл, спортын арга хэмжээ болон хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдсанаас гадна өмнөө тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлж, уриалга, зорилт гарган ажиллахаар болжээ.
Мөн сум сумдаа манлайлж буй залуучуудад МЗХ-ны медаль гардуулав.
Связанные новости