“Evergrande” компанийн хувьцааны ханш 80 хувиар унажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /BBC/. Хятадын үл хөдлөх хөрөнгийн “Evergrande” компани
жил хагасын дараа Хонконгийн хөрөнгийн биржид арилжаа эхлүүлэх үед хувьцааны
ханш нь 80 орчим хувиар унажээ.
Хятадын эрх баригчид үл хөдлөх хөрөнгийн компаниудын эсрэг хатуу арга хэмжээ авснаар сүүлийн гурван жилийн хугацаанд “Evergrande”-ийн хувьцааных нь үнэ цэн 99 гаруй хувиар буурсан байна.
Тус компани дэлхийн хоёр дахь том эдийн засагт аюул учруулж буй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралын улмаас хамгийн ихээр хохирол амсаад байгаа юм. Тухайлбал, энэ оны
эхний зургаан сард 33 тэрбум юанийн /4.5 тэрбум ам.доллар/ алдагдал хүлээсэн байна. Гэхдээ өмнөх
оны мөн үед 66.4 тэрбум юанийн алдагдал хүлээж байсантай харьцуулахад хоёр дахин бага тоо юм.
“Компанийн
удирдлагын зүгээс хөрвөх чадвар ба санхүүгийн үзүүлэлтүүдийг сайжруулахын
тулд хэд хэдэн арга хэмжээ авсан”
гэж “Evergrande”
Хонконгийн хөрөнгийн биржид арилжаагаа сэргээх үед мэдэгдсэн байна. Энэ оны эхний зургаан сарын орлого өмнөх оны мөн үеийнхээс 44 хувиар
өсч, 128.2 тэрбум юаньд хүрчээ.
Гэсэн хэдий ч бэлэн мөнгөний нөөц мөн хугацаанд 6.3 хувиар буурсан байна. Тус компани хувьцааны арилжаагаа өнгөрсөн оны
гуравдугаар сараас түр зогсоогоод байсан юм.
“Энэ цаг мөчид санхүүгийн халдвараас урьдчилан сэргийлэх, нийт санхүүгийн
системд халин тархахаас хамгаалах нь бодлого боловсруулагчдын хувьд хамгийн чухал” гэж“Vanguard” хөрөнгө
оруулалтын фирмийн Ази,
Номхон далайн бүсийн асуудал
эрхэлсэн ахлах эдийн засагч Цянь Ван “ВВС” телевизэд ярилаа. Бодлого боловсруулагчид эдийн засаг, үл хөдлөх хөрөнгийн салбарт
цаашид хөрвөх чадвар, зээлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай болно гэж тэрбээр нэмж хэлжээ.
Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үүссэн асуудлууд нь дэлхийн хоёр дахь том эдийн
засагтай орны цар тахлын
дараах сэргэлттэй холбоотой түгшүүрийг улам нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн даваа гарагт Хятад улс хөрөнгийн
зах зээлийг идэвхжүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхийн тулд
хувьцааны арилжаанд ногдуулах 0.1 хувийн татварыг хоёр дахин бууруулжээ.
Экспорт буурч, хэрэглээний зардал багасч байгаатай холбогдуулан тус улсын Төв банк сүүлийн гурван сарын хугацаанд бодлогын
хүүгээ хоёр дахь удаагаа бууруулснаас хойш хэдхэн хоногийн дараа дээрх алхмыг хийсэн байна. Энэ талаарх мэдээлэл гарсны дараа Хонконг
болон эх газрын Хятад дахь хувьцааны гол индексүүд өсжээ.
Өнгөрсөн сард “Evergrande” 2021, 2022 онд нийтдээ 581.9 тэрбум юанийн алдагдал хүлээснээ олон нийтэд мэдээлсэн юм. Энэ сарын эхээр Хятадын хамгийн том үл хөдлөх хөрөнгийн компаниудын нэг болох “Country Garden” мөн оны эхний зургаан сарын хугацаанд 7.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээж магадгүй байгаа тухайгаа мэдэгдсэн билээ. Улмаар зээлжих зэрэглэл тогтоогч “Moody's” агентлаг “хөрвөх чадвар, дахин санхүүжилтийн эрсдэл” зэргийг харгалзан тус компанийн зэрэглэлийг бууруулжээ. 2020 онд үл хөдлөх хөрөнгийн томоохон компаниудын зээлж болох мөнгөний хэмжээг хянах шинэ дүрэм журам хэрэгжиж эхэлснээр Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт донсолгоон эхэлжээ.
Нэгэн цагт Хятадын хамгийн өндөр борлуулалттай үл хөдлөхийн компани байсан “Evergrande” нь эрчимтэй өргөжин тэлж, тус улсын хамгийн
том компаниудын нэг болохын тулд 300 тэрбум гаруй долларын өрөнд оржээ. Тус
компани 2021 онд 1.2 тэрбум
ам.долларын олон улсын зээлийн хүүгийн төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн байна. Улмаар өрөө төлж чадахгүй
болсны дараа зээлдүүлэгчидтэй байгуулсан гэрээгээ шинэчлэхээр ажиллаж
байна.
Энэ сарын эхээр тус компани Нью-Йоркийн шүүхэд Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу хамгаалалт авах
хүсэлт гаргажээ. 15 дугаар зүйлийн дагуу гадаадын компани өрийн бүтцийн өөрчлөлт дээр ажиллаж байх хугацаанд АНУ дахь хөрөнгийг нь хамгаалдаг байна. “Evergrande”-ийн санхүүгийн асуудал нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарыг бүхэлд нь хамарч, бусад хэд хэдэн компаниуд өрөө төлж чадахгүйд хүрснээр дуусаагүй барилгын төслүүдээ орхиход хүрчээ.