ХЭНТИЙ: Сурагчид ангийн цонхоо солиулах хүсэлтээ захидлаар илэрхийлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-09-04 12:56:15
Чингис /МОНЦАМЭ/. Хэрлэн дөрөвдүгээр сургуулийн олон сурагч аймгийн Засаг даргад бичсэн захидалдаа анги танхимынхаа цонхыг солиулах хүсэлтээ илэрхийлжээ.

Хүүхдийн хөгжил хамгааллын жилийн хүрээнд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав "Миний захиа-бидний хүсэл" захидлын аяныг хоёр дах жилдээ зохион байгуулав. Аяны хүрээнд хүүхдүүдээс захидлаар дамжуулан санал хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэдэг. Энэ удаад Хэрлэн дөрөвдүгээр сургуулийн сурагчид идэвхтэй оролцож, анги танхим нь хуучны модон цонхтой тул дулаан алдаж, өвөлдөө маш хүйтэн байдаг талаар дурдаад вакуум цонхтой болгох хүсэлтээ захидлаар дамжуулан ирүүлсэн байна.

Эдгээр хүүхдүүдийн хүсэлтийн дагуу энэ онд 457 сая төгрөгөөр тус сургуулийн бүх цонхыг вакуум цонхоор сольжээ. Ингэснээр дулаан алдалтгүй болж, хүүхдүүд тохилог анги танхимд суралцах боломжоор хангагдсан байна.
Связанные новости