Антарктидын мөсөн тавцангууд хайлсаар байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ЛОНДОН, 2023 оны аравдугаар сарын 13 /DW/. Антарктидын эргэн тойрны мөсөн тавцангуудын 40 орчим хувь нь сүүлийн 25 жилийн хугацаанд хайлсныг пүрэв гарагт танилцуулсан хамгийн сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ.
Антарктидын эргэн тойрны 162 мөсөн тавцангийн
68-ынх нь масс 1997-2021 оны хооронд "тоон үзүүлэлтийн хувьд илт багассан" байна.
Судалгааны багийн ахлагч, Лийдсийн их сургуулийн судлаач Бенжамин Дэвисон ярихдаа "ихэнх мөсөн тавцангууд богино хугацаанд үргэлжлэх агшилтын дараа аажмаар дахин сэргэнэ гэж бид бодож байсан. Гэтэл тэдгээр тавцангуудын бараг тал хувь нь эргэн сэргэх шинж тэмдэггүйгээр хайлж байна” гэлээ. Уг судалгааны дүнгийн талаарх материал “Science Advances” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Бусад 9 мөсөн тавцан өнгөрсөн 25 жилийн хугацаанд багахан хэмжээгээр агшсан бол 29 тавцангийн масс нэмэгдэж, 62 нь бараг өөрчлөгдсөнгүй. Мөсөн тавцангууд бол Антарктидын ихэнх хэсгийг хамрах мөсөн бүрхүүлээс тасарсан хэсгүүд юм. Эдгээр мөсөн тавцан нь Антарктид тивийг тойрон далайн усанд хөвж, далайд цутгах мөсөн голын урсгалыг удаашруулж, мөсөн голуудыг тогтворжуулж байдаг. Мөсөн тавцангууд багасах тусам мөсөн голын алдагдлын хэмжээ нэмэгддэг.
Мөсөн тавцангууд хайлснаар Антарктидын эргэн тойрон дахь давстай усыг шингэлж, энэ нь эргээд дулаан, нүүрстөрөгч зэрэг чухал шим тэжээлийг туйлын экосистемээс гадагш ба дотогш зөөвөрлөх чадварыг сааруулдаг. Эдгээр өөрчлөлт бол уур амьсгалын дулаарлын үр дагавар гэж эрдэмтэд үзэж байна.
"Эдгээр
мөсөн тавцан хайлж, тасарч байнга элэгдэн хорогдож буйг бид харж байна... Энэ бол дэлхийн дулаарлын улмаас Антарктид тив өөрчлөгдөж буйн бас нэгэн нотолгоо мөн" гэж судалгааны багийн гишүүн Лийдсийн
их сургуулийн профессор Анна Хогг ярилаа.