Дэлхийн хамгийн том мөсөн уул задарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-09-04 17:27:51

ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 4 /CNN/. Дэлхийн хамгийн том мөсөн уул томоохон хэсгүүдэд хуваагдан задарч байна гэж Британийн Антарктидын судалгааны төвийн судлаачид мэдэгджээ.


A23a нэртэй мөсөн уул өмнө нь ойролцоогоор 1.1 их наяд тонн жинтэй, 2200 гаруй хав.дөр.км талбайг хамарч байсан нь Род-Айлендаас том хэмжээтэй байсан юм. Тэгвэл одоо уг мөсөн уулын хэмжээ ойролцоогоор 1000 гаруй хав.дөр.км болж багассан нь Лондонтой ойролцоо болсон байна.


1986 онд Антарктидын Филчнер-Ронне мөсөн тавцангаас салснаас хойш A23a-г судлаачид олон арван жилийн турш анхааралтай ажиглан судалж ирсэн юм. Тухайн үеэс хойш уг мөсөн уул нь удаа дараа дэлхийн хамгийн том мөсөн уул болж байсан бөгөөд 2017 онд А68, 2021 онд А76 зэрэг том боловч “богино настай” мөсөн уулнуудад хэмжээгээрээ гүйцэгдэж байв.


Одоо 1770 хав.дөр.км талбайтай D15a мөсөн уул дэлхийн хамгийн том мөсөн уул болоод байна. Уг мөсөн уул нь Австралийн Дэвисийн баазын ойролцоо Антарктидын эрэг орчимд байгаа ажээ.


A23a одоогоор дэлхийн хоёр дахь том мөсөн уулын байраа хадгалж байгаа боловч задарч хуваагдах явц ирэх долоо хоногуудад үргэлжилсээр байвал өөрчлөгдөх төлөвтэй байна гэж Антарктидын судалгааны төвийн далай судлаач Эндрю Майерс ярьжээ. Улмаар далайн усны температур нэмэгдэж, хавар болсноор ажиглахад хэтэрхий жижиг уулнуудад хуваагдах магадлалтай гэж тэрбээр нэмж хэлсэн байна. 

Связанные новости