Афганистанд аврах ажиллагаа үргэлжилсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-09-04 17:03:30

КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа өнгөрөөд буй энэ үед нурангид дарагдсан хүмүүсийг аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Гэхдээ байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн амьд үлдэх магадлал гурав хоногийн дараачаас эрс буурдаг. 


Зүүн нутгийн Кунар мужид өнгөрсөн ням гарагт болсон 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 1457 хүн амиа алдаж, 3394 хүн гэмтэж бэртсэн гэж Талибан” хөдөлгөөний тэргүүлсэн түр засгийн газар мэдэгдсэн байна. Түүнчлэн 6700 гаруй байшин барилга нурж сүйджээ.


НҮБ-ын Афганистан дахь хүмүүнлэгийн тусламжийн зохицуулагчийн хэлснээр, газар хөдлөлт хүмүүсийг шөнө унтаж байх үед болсон тул олон хүн гэр орондоо гацсан хэвээр байна. Нисдэг тэрэг буух боломжгүй уулархаг газруудад аврах багийнхныг шүхрээр буулгаж байгаа ажээ


Талибан” хөдөлгөөнийхөн 2021 оны наймдугаар сард засгийн эрхэнд эргэн гарснаас хойш тус улсад болсон гурав дахь хүчтэй газар хөдлөлт энэ болж байна. 2022 оны зургаадугаар сард Пактика мужид 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 1000 гаруй хүн амь үрэгдэж, олон арван мянган хүн орон гэргүй болж байжээ.  Мөн 2023 оны 10 дугаар сард Херат мужид 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 2000 гаруй хүн амь үрэгдэж, 63 мянга гаруй байшин барилга нурж сүйдсэн байна. 

Связанные новости