БАЯНХОНГОР: “МонПЭН санаачилга” төслийг хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-10-24 13:53:57

Баянхонгор, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, хэрэгжүүлэх “МонПЭН санаачилга” төслийн нээлтийн үйл ажиллагаа Баянхонгор аймагт болж байна.


Тус аймагт хэрэгжиж эхэлж буй “МонПЭН санаачилга” төсөл нь эрсдэлт хүчин зүйлсийн менежментийг бэхжүүлэх үр дүнтэй цогц үйл ажиллагаа бөгөөд гол зорилго нь эрсдэлтэй хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэж, чихрийн шижин, зүрх судасны өвчин, түүний хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх юм.


ДЭМБ-ын тусламжтайгаар 2019-2020 онд МонПЭН загвар төслийг хэрэгжүүлсэн Дархан-Уул аймаг, Сонгинохайрхан дүүргийн 16 өрхийн эрүүл мэндийн төвд 100 гаруй сая төгрөгийн 14 нэр төрлийн тоног төхөөрөмж, гарын авлагыг, 2021 онд зургаан аймаг, нэг дүүргийн 132 ӨЭМТ-д 740 гаруй сая төгрөгийн 12 нэр төрлийн тоног төхөөрөмж, гарын авлагаар эмч, мэргэжилтнүүдийг хангасан байна. Энэхүү загвар төслийн үр дүнд Дархан-Уул аймаг тархины харвалт, нас баралт 1.4 дахин, Сонгинохайрхан дүүрэгт 2.5 дахин буурсан үзүүлэлт бий.


Түүнчлэн 2021-2022 онд хэрэгжиж эхэлсэн зургаан аймаг, нийслэлийн нэг дүүргийн хүн амын дундах тархины харвалтын шинэ тохиолдлын тоо 1.2 дахин, нас баралтын тоо 1.7 дахин, зүрхний шигдээсийн шинэ тохиолдлын тоо 1.1 дахин, нас баралтын тоо 1.2 дахин буурсан байна.


Уг төслийг энэ онд Өвөрхангай, Увс, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Баянхонгор, Архангай, Дорноговь болон нийслэлийн Багануур, Баянгол дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ-ын хамтран хэрэгжүүлж буй “МонПЭН санаачилга” ХБӨ/Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцыг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлж буйтай холбогдуулан талууд “МонПЭН санаачилга”-ыг нэвтрүүлэх, хамтран ажиллах талаар удирдлагын багийн уулзалтыг зохион байгуулсан байна. 



Мөн тус аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сум, ӨЭМТ-ийн 54 эмч, мэргэжилтэн төслийн үйл ажиллагаа болон PEN/HEARTS багцын танилцуулга, иргэдэд амьдралын зөв дадал хэвшил төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр чадавхжуулах онол, практик, бүлгийн ажлыг хослуулсан сургалтыг ЭМЯ, НЭМҮТ, АШУҮИС, УГТЭ, ДЭМБ-ын хамтарсан баг сонирхолтой байдлаар удирдан зохион байгуулж байна.


Мөн “МонПЭН санаачилга”-ын хүрээнд төсөл хэрэгжихийн өмнөх суурь үнэлгээний баг Баянхонгор аймгийн 4 өрх, сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, суурь үнэлгээ хийж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн нөөц, ажиллах эмч, сувилагч нарын ажил байдалтай танилцаж одоогийн нөхцөл байдалд тулгарч байгаа асуудлуудыг цаашид хэрхэн шийдвэрлэж, хамтарч ажиллах талаар санал солилцжээ.

Связанные новости