БАЯНХОНГОР: Гэрлэх ёслолын ордонд 55 хос хуримын ёслолоо хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-10-30 10:05:31

Баянхонгор, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт энэ онд гэрлэх ёслолын ордон ашиглалтад орж, долоодугаар сард нээлтээ хийсэн. Тэгвэл тус ордонд энэ сарын 27-ны байдлаар 55 хос хуримын ёслолоо хийгээд байна.


Нийгмийн үндсэн нэгж болсон гэр бүлд зориулсан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх Гэрлэх ёслолын ордон нь хуримын ёслолоос гадна гэр бүлийн боловсрол олгох сургалт, ганцаарчилсан болон хосын зөвлөгөөг өгөх  үйлчилгээг мөн хүргэдэг байна.


Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг буюу "Алсын хараа 2050", Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Баянхонгор аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2024 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт "Гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлж, хүн амын тогтвортой өсөлтийг дэмжиж, идэвхтэй бүтээлч иргэн, гэр бүлийг төлөвшүүлнэ" гэсэн зорилтын хүрээнд цогц ажил өрнөж байгаагийн нэг нь тус бүтээн байгуулалт. Гэрлэх ёслолын ордныг орон нутгийн төсвийн 1.9 тэрбумын санхүүжилтээр "Рок пэйнт групп" ХХК барьж гүйцэтгэсэн бөгөөд 1400 м.кв талбайтай хоёр давхар, шилэн пасад бүхий гурван том танхим, зоогийн газар, оффисын долоон өрөөний шийдэлтэй.


Орон нутаг өөрөө санаачлан, зардлаа шийдвэрлэн байгуулсан Гэрлэх ёслолын ордонд анхны, алтан, мөнгөн зэрэг есөн эрдэнийн хуримыг гэрчлэх үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд ёслолт өдрөөс нэг сарын өмнө захиалга хүлээн авах зохицуулалттай аж.



Сонирхуулахад, Аймгийн хэмжээнд гэрлэлт 2020 онд 352, 2021 онд 501, 2022 онд 341 байсан бол гэр бүл цуцлалт 2020 онд 64, 2021 онд 71, 2022 онд 68 бүртгэгджээ.

Связанные новости