Тоёотагийн үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ дээд амжилт тогтоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НАГОЯ, 2023 оны аравдугаар сарын 30 /Kyodo/. Дэлхийн хэмжээнд чипний нийлүүлэлт сайжирснаар 4-9 дүгээр сар хүртэлх санхүүгийн эхний хагас жилийн хугацаанд дэлхий даяарх “Toyota Motor” корпорацийн үйлдвэрлэл ба борлуулалтын хэмжээ дээд үзүүлэлтэд хүрчээ.
Тус корпорац санхүүгийн эхний хагас жилд дэлхий даяар 5.06 сая автомашин үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.8 хувиар өсөж, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анх удаа дээд амжилт тогтоожээ. Чипний хүртээмж сайжирснаар, санхүүгийн эхний хагас жилд дотоодод ба гадаадад 5.17 сая автомашин борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.1 хувиар өссөн байна.
Ирэх оны гуравдугаар
сард дуусах санхүүгийн жилийн хугацаанд 10 сая
гаруй автомашин үйлдвэрлэж, борлуулах зорилт тавьсан Тоёота корпорацийн борлуулалт санхүүгийн эхний хагас жилд 5
саяас давлаа.
Хойд Америк болон Японд үйлдвэрлэл нэмэгдсэн бол Хятад дахь ширүүн өрсөлдөөнөөс шалтгаалан борлуулалт 7.3 хувиар буурчээ.
Тоёотагийн автомашин Японд төдийгүй Хойд Америк, Европын орнуудад эрэлт ихтэй байгаа тул борлуулалт өссөн ажээ. Дотоод дахь борлуулалт 790,168
автомашин буюу 3.8 хувиар, гадаад дахь борлуулалт 4.38 сая ширхэг буюу 5.5 хувиар тус тус өсжээ.
Тоёотагийн шинэ загварын цахилгаан автомашины борлуулалт долоо дахин өсч, 58 984-д хүрсэн байна. Түүнчлэн 1.83 сая ширхэг цахилгаан, хос хөдөлгүүрт болон цэнэг хураагуураар ажилладаг автомашин борлуулсан нь 38.1 хувиар өссөн үзүүлэлт юм.