БАЯНХОНГОР: Хүмүүн бичигтэн хамт олон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-10-30 16:18:15

Баянхонгор, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9б анги Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сониныг 2021 оноос хойш анги хамт олноороо тогтмол захиалан уншиж байна.


Үндэсний бичиг үсгээ сурч эзэмшиж, түгээн дэлгэрүүлэх хүсэл эрмэлзлэлтэй тус анги 23 сурагчтайгаас 15 нь эрэгтэй, найм нь эмэгтэй.


Анги удирдсан багш Баянмөнхийн Азбилэг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Монгол хэл, уран зохиолын багшийн ангийг дүүргэсэн, тус сургуульд 5 дахь жилдээ багшилж байгаа. Тус ангийг 2022 онд дааж авсан бөгөөд ангийн сурагчдаа улсын уралдаанд анги нийтээр нь оролцуулах бэлтгэл ажлыг хийж байна. Тэрбээр 2020 онд "Монголын сайхан бичигтэн" улсын уралдаанд сумынхаа 10 дугаар ангийн сурагч У.Намуунааг бэлтгэж оролцуулсан нь дэд байрт шалгарч байжээ.


9б ангийн сурагчдын хувьд урлаг спортын төрлөөр сум, аймаг, бүс, улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай сайн оролцдог. Тус ангид урлаг спортоос гадна хичээлдээ сайн суралцдаг тэргүүний сурагчид олон байдаг. О.Адъяасүрэн, М.Энхжин, Ж.Ууганцэцэг, М, Хишигзаяа, А.Баянбилэг, С.Ууганзолбоо, С.Даариймаа нар бол ангийн тэргүүний сурагчид.


Ангийн дарга А.Баянбилэг, Б.Лахгвасүрэн, Э.Идэрмөнх, Х.Сумъяа-Очир нар волейболын сонгонд суралцдаг.

Ангийн дарга А.Баянбилэг нь аймаг, бүсийн волейболын тэмцээнд тогтмол амжилттай оролцдог бөгөөд "Шилдэг тоглогч", "Өсөх ирээдүйтэй тамирчин"-аар шалгарч байсан. Б.Лхагвасүрэн, Э.Идэрмөнх, Х.Сумьяа-Очир нар нь 2022 онд Баянхонгор аймагт зохион байгуулсан Мини волейболын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль хүртэж байсан байна.


9б ангийн охид 2022-2023 оны хичээлийн жилд сургуулийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд амжилттай оролцож алтан медаль, сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медалийн эзэн болж байжээ.


Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл бичгийн багш нар "Монголын сайхан бичигтэн" улсын уралдаанд сурагчдаа тогтмол бэлтгэн амжилттай оролцдог уламжлалтай. Мөн "Хүмүүн бичиг" сонины захиалгын дүнгээрээ аймагтаа тэргүүлдэг.

Связанные новости