Панамын сувгаар нэвтрүүлэх хөлөг онгоцны тоог дахин цөөрүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ПАНАМ, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /ВВС/. Сүүлийн 70 гаруй жилд тохиож байгаагүй ган гачиг болсны улмаас Панамын сувгаар нэвтрүүлэх хөлөг онгоцны тоог дахин цөөлөхөөр болжээ.
1950 оноос бүртгэж эхэлснээс хойших хамгийн их хуурайшилтай аравдугаар сар болж байгаа тул ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй боллоо гэж Панамын сувгийн захиргаа (ACP) мэдэгдсэн байна.
Ингэснээр дэлхий даяар бараа бүтээгдхүүний тээврийн зардал нэмэгдэх төлөвтэй байна. Панамын суваг нь Атлантын болон Номхон далайн хооронд аялах хөлөг онгоцны замыг дөтөлж, цаг хэмнэдэг. Сувгийн захиргаанаас мэдээлснээр, өдрийн 24 цаг, жилийн 365 өдөр тасралтгүй ажилладаг энэ сувгаар жилд 13-14 мянган хөлөг онгоц дамжин өнгөрдөг.
Номхон далайн төв болон зүүн хэсгийн халуун бүсийн усны хэмийг эрс дээшлүүлдэг Эль-Нино үзэгдэл Панам улсад ган гачиг болоход ихээхэн нөлөөлжээ.
Арваннэгдүгээр сарын 3-наас эхлэн тус сувгаар зорчих захиалгын тоо өдөрт 31 болж буураад байсныг дахин цөөлж 25 болгох ажээ. Энэ тоо гурван сарын дараа буюу 2024 оны хоёрдугаар сараас эхлэн өдөрт 18 болж буурна.
Оны эхээр эрх баригчид анх удаагаа тус сувгаар дамжин өнгөрөх хөлөг онгоцны тоог цөөрүүлсний дараа олон арван хөлөг онгоц сувгаар нэвтрэхийн тулд урт дарааллыг хүлээн удаан хугацаагаар саатах болсон юм.