ДУНДГОВЬ: Э.Мөнхчулууны "Баатар" бүтээл III байрт шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-06 17:35:52
altantogos

Мандалговь, 2023 оны 11 дүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан 2023 оны "Монголын шилдэг байгалийн гэрэл зургийн уралдаан"-д Дундговь аймгийн гэрэл зурагчин Э.Мөнхчулууны “Баатар” бүтээл III байрт шалгарлаа. Тэрбээр тус уралдааны “Монгол ахуй” төрөлд оролцжээ.


Э.Мөнхчулуун гэрэл зураг сонирхож, 2011 оноос “Дундговь фото студи” байгуулан ажиллаж байна. Гэрэл зургийн ертөнцөд түүний амжилт багагүй өрнөж байгааг толилуулъя.



Тэрбээр 2018 онд “Талын түмэн адуу” эвент үйл ажиллагааны гэрэл зургийн үзэсгэлэнд “Өвгөд”, “Бэлчээрт” зэрэг бүтээлээрээ амжилттай оролцож, 2014 онд Дундговь аймгийн ОБГ-аас зохион байгуулсан “Бид аварна, хамгаална” гэрэл зургийн уралдаанд тэргүүн байр, 2020 онд “Агтана хүрээт хүлэгч эрс” наадмын гэрэл зургийн уралдаанд III байр, 2021 онд болсон “Аянч” гэрэл зургийн уралдаанд “Угалз” бүтээлээрээ тэргүүн байр, 2021 онд Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан зохион байгуулсан “Цөлжилт Монголд” уралдаанд “Газрын хилэн” бүтээлээр дэд байр эзэлж байжээ.



Мөн 2021 онд “Шилжин суурьшигчид”, “Монгол бахархал-2020”, “Монгол ахуй соёл-2021” зэрэг гэрэл зургийн үзэсгэлэнд “Тууврын замд”, “Нүүдэл” зэрэг бүтээлээрээ амжилттай оролцож, 2022 онд Макс гуппийн 30 жилийн ойд зориулсан “Үндэсний өв соёл-Монгол бахархал” сэдэвт гэрэл зургийн уралдаанд “Тушаа цэнхэр” бүтээлээрээ амжилттай оролцон “Шилдэг 50 бүтээл”-ийн нэгээр шалгарч байсан.


Э.Мөнхчулууны бүтээлүүд хүмүүсийн ахуй амьдрал, байгалийн үзэгдэл юмс, цаг уурын өөрчлөлт, нийгмийн сайн сайхныг гэрэл зургаар харуулж чаддаг. Тэрбээр өөрийн бүтээлээр дамжуулан гэрэл зургийн гайхамшгийг иргэд, олон нийтэд таниулах, гоо зүй, байгалийн сайхныг мэдрүүлэх, түүгээр дамжуулан эерэг сайхан хандлагыг түгээн дэлгэрүүлэх гэж хичээж явдаг хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 





Связанные новости