Virgin Atlantic-ийн нисэх онгоц цэвэр түлшээр Атлантын далайг дамнан нислэг үйлдэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ЛОНДОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /VoA/. Их Британийн Virgin Atlantic компанийн нисэх онгоц анх удаа 100 хувь байгаль орчинд ээлтэй түлш (SAF) ашиглан арваннэгдүгээр сарын 28-нд Лондонгоос Нью-Йорк хот руу ниснэ.
Агаарын тээврийн тус компани аяллын
явцад ялгарах нүүрсхүчлийн хийг бууруулах хүчин чармайлтын хүрээнд хийх гэж буй
энэхүү нислэгт Их Британи улс зөвшөөрөл олгосон байна.
Хүнсний тосны хаягдал зэрэг бүтээгдэхүүнийг
ашиглан үйлдвэрлэсэн SAF нь олборлосон түлштэй харьцуулахад утааг 70 хувь хүртэл буруулдаг бөгөөд нислэгийн явцад нүүрстөрөгчийн ялгарлыг багасгахын тулд агаарын тээврийн
компаниуд эл цэвэр түлшид найдвар тавьж байгаа юм.
Одоогийн байдлаар SAF-ыг тийрэлтэт хөдөлгүүрүүдэд ашиглаж байна. Гэхдээ ердийн түлштэй хольсныг ашигладаг байна. Их Британийн Иргэний нисэхийн ерөнхий газар аливаа нислэгийг нүүрстөрөгчийн ялгаралтаас ангид байлгахын тулд энэ түлшийг хэрхэн ашиглаж болохыг харуулах зорилгоор даваа гарагт Virgin Atlantic компанид зөвхөн SAF ашиглан Атлантын далайг дамнан нислэг үйлдэх зөвшөөрлийг олгожээ.
"Virgin 787" онгоцны "Rolls-Royce RR.L Trent 1000" хөдөлгүүрийг газар дээр амжилттай туршсан туршилт зэрэг Их Британийн зохицуулах агентлагаас хэд хэдэн техникийн үнэлгээ хийсний дараагаар энэ зөвшөөрлийг олгосон байна.
Virgin Atlantic
компани одоо АНУ, Ирланд, Канадын зохицуулах байгууллагуудаас нисэх зөвшөөрөл авах
ёстой.
2021 онд SAF нь агаарын
тээврийн түлшний дөнгөж 0.5 хувийг бүрдүүлдэг байсан бол агаарын тээврийн компаниуд 2030 он
гэхэд 10 хувьд хүргэх зорилт тавьжээ. Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг "бүрэн тэглэх"
салбарын зорилтын хүрээнд 2050
он гэхэд онгоцны түлшний 65 хувийг SAF бүрдүүлэх ёстой.
Virgin Atlantic компани энэхүү нислэг нь SAF-ийг илүү хүртээмжтэй болгох хэрэгцээг онцлон харуулж чадна гэдэгт найдаж байгаагаа мэдэгдэв. Одоогийн байдлаар SAF-ыг бага хэмжээгээр үйлдвэрлэж байгаа бөгөөд ердийн онгоцны түлшнээс 3-5 дахин үнэтэй байдаг аж.