ДУНДГОВЬ: Өндөршил сумын нийт өрхийн 52 хувь нь угийн бичиг хөтөлж хэвшжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-07 12:01:35
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн  Өндөршил сумын ЗДТГ, Соёлын төв, Ахмадын хорооноос зарласан “Угийн бичигтэн удмынхан” шалгаруулах уралдаанд 35 иргэн, 91 сурагч оролцон угийн бичгээ ирүүлжээ.


Монгол түмэн эрт үеэс уг удмаа тэмдэглэн, ургийн бичиг хөтөлж ирсэн уламжлалтай бөгөөд энэ нь өвөг дээдсийнхээ уг гарвал, угсаа язгуур, намтар түүх, үлгэр дуурайлал тэргүүтнийг үр хойчдоо таниулан сургаж, тэднийг үндэс угсаа, эх орноо хайрлах, түүх соёлоо дээдлэх, элгэн саднаа асрах ухаанаар хүмүүжүүлж, эрүүл биетэй, саруул ухаантай өсөж бойжих үндэс болсоор иржээ. Тиймээс тус сумын айл өрх бүрд энэхүү ач холбогдлыг таниулж, угийн бичгээ хөтөлдөг болгох зорилгоор энэхүү уралдааныг зарласан юм.


Уралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн багш Ч.Цэрэнпүрэв, сургуулийн ажилтан М.Амарбаяр, Т.Сувданчимэг, номын санч М.Баттулга, цэцэрлэгийн нярав Э.Жаргалмаа, багийн Засаг дарга Д.Шинэбаяр нарын бүтээл шалгарч, сумын Засаг даргын “Батламж”-аар шагнуулсан бол сурагчдаас 9 дүгээр ангийн сурагч Г.Янжинлхам, Н.Дашням, 8 дугаар ангийн сурагч Х.Тэмүүн, Б.Цэнд -Аюуш, 7 дугаар ангийн сурагч Б.Сувд-Эрдэнэ нар манлайлан амжилттай оролцлоо гэж Өндөршил сумын Соёлын төвөөс мэдээллээ.


Энэхүү уралдааныг 10 гаруй жил зохион байгуулж байгаа ба сумын нийт (470) өрхийн 52 хувь нь Угийн бичиг хөтөлж хэвшсэн хэмээн Соёлын төвийн эрхлэгч Т.Мөнхцэцэг тодотголоо.  





Связанные новости