ДУНДГОВЬ: Соёлын төвийн түүхийн танхимыг ОНХС-гийн хөрөнгөөр тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-10 12:44:46
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Дэрэн сумын Соёлын төвийн түүхийн танхимыг ОНХС-гийн хөрөнгөөр 20,0 сая төгрөгийн хөрөнгөөр тохижууллаа.


Түүхийн танхимын тохижилт хийх ажлыг Д.Тэгшжаргал ахлагчтай “Гэгээн наран” бүлэг гүйцэтгэж, үзмэрийн хорго, дотор камержуулалт хийж хүлээлгэн өгсөн байна.


Дэрэн сумын түүхийн танхим сумын түүх дурсгал, утга зохиол, өв соёлтой холбоотой 200 гаруй үзмэртэй бөгөөд тус танхимын үзмэрийг баяжуулж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Гарамын Дадьсүрэнгийн амьдрал, уран бүтээлийг харуулсан булан нээж байгаагаараа онцлогтой юм.


2022 онд аймгийн ИТХ-ын шийдвэрээр тус сумын Соёлын төвийг Г.Дадьсүрэнгийн нэрэмжит болгон түүний уран бүтээлийн замнал, үйл хэргийг мөнхжүүлэн, залуу хойч үед өвлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа ажээ. Г.Дадьсүрэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалтад багтсан 102 өвлөн уламжлагчийн нэг юм.


Тэрбээр Түмэн эх, Өвгөн шувуу, Хуурын магнай, Дөрвөн цаг, Дуртмал сайхан, Хэрлэнгийн барьяа, Цэвцгэр хурдан шарга, Сэрүүн сайхан хангай, Тэгш таван хүсэл, Энх мэндийн баяр, Асрын өндөр, Богдын өндөр, Түргэн туул, Номин, Сэтэрт шарга, Алиа саарал, Бор борын бялзуухай зэрэг 60 гаруй уртын дууг өвлөн уламжилсан бөгөөд Уяхан замбуу тивийн наран, Цэвцгэр хурдан шарга, Богдын өндөр зэрэг дууг уламжлалт ая дангаар нь заалгаж, дуулдаг байсан гэдэг. Төрийн соёрхолт Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай алдарт уртын дуучин Н.Норовбанзад түүнийг “багш” хэмээн хүндэлдэг байж.


Уртын дуу дуулж, хөгжүүлэхийн зэрэгцээ морин хуур урлах дэг сургууль, гийнгоо, ингэ хөөслөх, үнээ өвлөх, бог мал тойглох, цийглэх зэрэг малын уриа дуудлага, боржгин найрын дэг жаягийг залуу хойч үедээ өвлүүлэн сургаж байжээ.



Связанные новости