БАЯНХОНГОР: Улсын төсвөөс 97.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-11-15 08:57:52

Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. 2024 оны Улсын төсвөөс Баянхонгор аймгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг 38.4 тэрбум төгрөг, аймгийн орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг 20.6 тэрбум төгрөгөөр тус тус баталжээ.


2024 онд Баянхонгор аймагт Улсын төсвөөс 97.8 тэрбум төгрөгийн 50 төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийнэ. Энэ нь Улсын төсвөөс хийх нийт хөрөнгө оруулалтын 2.9 орчим хувьтай тэнцэж байгаа аж. 


Боловсролын салбарт:  

Баянцагаан, Заг, Жаргалант сумдын болон аймгийн төвийн 3 сургуулийн барилга, Богд, Баянбулаг, Баянхонгор сумын сургуулийн дотуур байр, Баян-Овоо, Бөмбөгөр сумд, аймгийн төвийн 2 цэцэрлэгийн барилга, боловсролын салбарын тоног төхөөрөмжийн зардал, мөн "Багшийн хөгжлийн ордон"-ы барилгын санхүүжилтэд нийт 24,3 тэрбум төгрөг төлөвлөжээ.


Эрүүл мэндийн салбарт:

Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн өргөтгөлийн барилга, Хүрээмарал сумын Эрүүл мэндийн төвийн үлдэгдэл санхүүжилт, Наркологийн төв эмнэлгийн барилга, хөдөөгийн айл өрхүүдэд анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээний болон бусад тоног төхөөрөмжийн зардалд 7.3 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна.


Соёл, спортын салбарт: 

Баянхонгор сумын Усан бассейн, Шинэжинст сумын спорт заал, Өлзийт сумын соёлын төвийн барилгын үлдэгдэл санхүүжилт болон биеийн тамир, спортын салбарын тоног төхөөрөмжийн зардалд зориулж 1.2 тэрбум төгрөг төсөвлөв.


Орон сууц, дэд бүтцийн салбарт: 

Баянхонгор суманд Шинэ суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ, 10 км хатуу хучилттай авто зам, Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн хатуу хучилттай авто зам, "Цэвэр хот" ОНӨААТҮГ-ын ажилчдын байр, Түйн голын төмөр бетон гүүр, Баацагаан суманд хэрэгжүүлэх орон сууцжуулах төслийн дэд бүтэц, Баянхонгор сумын дэд станцын өргөтгөл, гэр хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээ, Үүрэн холбооны сүлжээний дэд бүтэц, Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн барилгын зардал зэрэгт нийт 39.9 тэрбум төгрөгийг тус тус төсөвлөжээ.


Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарт:

ХАА, үйлдвэрлэлийн кластер байгуулах, ХАА-н кластер төслийн газар тариалан, малын тэжээлийн дэд төсөл хэрэгжүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих “Шинэ хөдөө” төсөл, “МАА-н салбарын эдийн засгийн үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж төслийн болон салбарын тоног төхөөрөмжид нийт 15.8 тэрбум төгрөгийг олгохоор болов.


Засаг захиргааны нэгж, сум, багийн хөгжлийг дэмжихэд:  

Богд, Жаргалант суманд цагдаагийн тасгийн барилга, Баацагаан, Галуут, Эрдэнэцогт сумдад “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөр, Хүрээмарал, Жаргалант сумын “Сумын төвийн шинэчлэл” төслийн зураг төсөв, Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын санхүүжилтэд нийт 9.1 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр болсон байна.

Связанные новости