Маргарет Саттертуэйт: Гэр бүлийн асуудал эрхэлсэн дагнасан шүүх байгуулах хуулийн төслийг тэсэж ядан хүлээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2023-11-15 16:10:07

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн НҮБ-ын тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газрын урилгаар манай улсад ажиллаж, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцжээ.


Тус баг шүүх засаглал, прокурорын шударга, бие даасан байдал, мөн хууль эрх зүйн мэргэжлийн үйл ажиллагааг хараат бусаар хэрэгжүүлэхэд төр, засгаас авч хэрэгжүүлж буй ажлын хүрээнд Монгол Улсад хийсэн үнэлгээний урдчилсан дүгнэлт, зөвлөмжөө өнөөдөр НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын байранд сэтгүүлчдэд танилцууллаа.


НҮБ-ын тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт хэлэхдээ, сүүлийн үед танай улсад хийсэн шүүх тогтолцооны шинэчлэлд олон талт оролцоог хангаж, гол оролцогч талуудын үзэл бодлыг тусгасан байна.


Аливаа шинэлэг санаачилга нь нотолгоонд суурилсан аргачлалд үндэслэж байгааг сайшааж байна. Энэ аргачлалыг Хууль зүйн үндэсний хүрээлэн өөрийн судалгаа шинжилгээндээ баримталж, иргэний нийгмийн байгууллагууд олон төрлийн аргачлалаар судалгаа хийж байгааг сонсоход тун таатай байлаа гэв.


Мөн тэрбээр, 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 2021 онд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн найруулсан нь шүүхийн тогтолцоог шинэчлэх чухал алхмуудын үндэс болжээ. Энэхүү шинэчлэлийн хэрэгжилтийн эхэн үеийг гэрчлэх завшаан надад тохиолоо. Эдгээр шинэчлэл нь бүрэн утгаар хэрэгжихэд цаг хугацаа, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Шинэчлэл өөрчлөлтүүд нь аль хэдийн хэрэгжиж байгааг би онцолж байна. УИХ-ын өнөөгийн чуулганаар Шүүх байгуулах тухай хуулийн төсөл, 24 цагийн үйл ажиллагаатай Шүүх байгуулах тухай хэлэлцэж байна. Үүний зэрэгцээ Гэр бүлийн асуудал эрхлэх дагнасан шүүх байгуулах саналыг хэлэлцэж байгааг сонслоо. Эдгээр санаачилга нь шүүхийн шийдвэргүйгээр баривчлах ажиллагааг гүйцэтгэсний улмаас үүсэх дур зоргоор баривчлах эрсдэлийг бууруулахад ихээхэн тус нэмэр болно. Би энэхүү хуулийн төслийг уншихыг тэсэн ядан хүлээж байна гэсэн юм.


-Монгол Улс нь шүүхийн хараат бус байдлыг бий болгож, баталгаажуулах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг чөлөөтэй хэрэгжүүлэхэд гаргаж буй томоохон хүчин чармайлтын үйл хэргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь чухал. Ингэхдээ, эрх зүйн таатай мөчийг ашиглаад, энэ үйл хэрэгт бүх оролцогч талуудыг хамтран ажиллахыг уриалж байна. Монгол Улс гаргаж буй боломжоо ашиглан хүний эрхийг дээдэлсэн, хараат бус шүүхийн тогтолцоо руу чиглэсэн өөрчлөлт, шилжилтээ бататгах ёстой. Шүүгдэгчдийг шударга шүүхээр шүүлгүүлэх эрхээр хангах ёстойг онцлон тэмдэглэж байна. Түүнчлэн шүүгчид давж заалдах шатны журмаар зохих ёсоор залруулж болох аливаа алдаа мадгийн улмаас сахилгын шийтгэл хүлээх ёсгүй. Шүүгчийн эрх мэдлийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг дээд шатны шүүхээр хянуулах боломжтой. Монгол Улс улсын ерөнхий прокурорыг томилох үйл явцаа шинэчлэхийг зөвлөж байна. Тодруулбал, прокурорын байгууллагын хараат бус, бие даасан байдлыг хангахын тулд хуулийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байна. Улмаар ШЕЗ-тэй адил прокуроруудын томилгоо, сахилга бат, албан тушаалаас чөлөөлөх байдлыг хянан ажилладаг эрх мэдэл бүхий бие даасан, прокурорын байгууллагатай болохыг мөн зөвлөж байна. Үүнд прокуроруудын цалин, хангамж ч хамаатай" хэмээн хатагтай Маргарет Саттертуэйт танилцуулгын үеэр хэллээ.


Тусгай илтгэгч Маргарет Л.Саттертуэйт тэргүүтэй төлөөлөгчдийн багт НҮБ-ын шүүгч, хуульчийн бие даасан байдал хариуцсан тусгай илтгэгчийн хуулийн зөвлөх Катарина Сыдов, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын ажлын албаны Тусгай процедурын хүний эрхийн ажилтан Мэлание Сантизо нар оржээ.


Тус баг манай улсад нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг, Сэлэнгэ аймгийн прокурорын газар, тус аймгийн Сүхбаатар болон Мандал сумын эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, захиргааны хэргийн анхан шатны шүүх, сум дундын эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүх, нийслэлийн Багануур дүүрэг дэх анхан шатны шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцжээ. Дархан-Уул аймгийн шүүхийн үйл ажиллагаатай цахимаар танилцан шүүгчид, ажилтнуудтай ярилцсан байна.


Тусгай илтгэгч Маргарет Л.Саттертуэйт Монгол Улсад ажиллаж, шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцан уулзалтууд хийхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Монгол Улсын Засгийн газар, ялагуяа ГХЯ-нд талархаж буйгаа илэрхийлсэн юм. Тэрбээр, Монгол Улс нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тусгай механизмтай холбогдох үйл ажилагааг хүлээн авахад үргэлж нээлттэй хандан, тус зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн хүрээнд хамтран ажиллаж байгааг дурдаад, 2004 оноос хойш НҮБ-аас Монгол Улсад нийт 12 тусгай илтгэгч айлчлан ажилласныг хэллээ.


НҮБ-ын энэ удаагийн тусгай илтгэгч манай улсад ажилласан эцсийн тайлан, зөвлөмжөө 2024 оны зургаадугаар сард танилцуулах аж.

Связанные новости