Зээлийн эргэн төлөлт төсөвт дарамт учруулж болзошгүйг санууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГДэлхийн банкны ээлжит Монголын эдийн засгийн талаарх тоймд оны эхний 7 сард төсвийн зардал жилийн 33 хувиар өсч, төсвийн алдагдал огцом байгааг онцолсон байна.
Төсвийн гадуурх зардлууд, орлогын тасалдал нь төсвийн алдагдлын огцом өсөлтөд нөлөөлснийг тодотгожээ.
Хэрэв Засгийн газар шаардлагатай арга хэмжээ авахгүй тохиолдолд Дэлхийн банкны төсөөллөөр 2016 оны эцэст төсвийн алдагдал ДНБ-ийн 18 хувийг давахаар байна. Төвбанкнаас Засгийн газарт ихээхэн хэмжээний санхүүгийн эх үүсвэрийн дэмжлэг үзүүлснийг уг тайланд онцлон хэрэв энэ байдал үргэлжилбэл макро эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг анхаарууллаа.
Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Тайхюн Ли “Төвбанк бодлогын хүүгээ өсгөсөн нь валютын ханшийн хэлбэлзлийг бууруулахад дэмжлэг болсон. Гэхдээ төсвийн зардал нь үргэлжилж, Төвбанкны санхүүгийн үүсвэр, дэмжлэгээс хамаарсан хэвээр байвал мөнгөний хумих бодлогын үр нөлөө суларна” хэмээн онцолжээ.
Мөн уг тайлангаар дамжуулан Дэлхийн банк уул, уурхайн бүтээгдэхүүний экспортын бууралт, ихээхэн хэмжээний гадаад зээлийн эргэн төлөлт нь 2017 онд төлбөрийн тэнцэл болон төсөвт нэмэлт дарамт учруулахаар байгааг сануулсан байна. Төсөв болон макро эдийн засгийн зохистой бодлого нь дээрх дарамтыг бууруулах боломжтой аж. Түүнчлэн төсвийн бодлогод тохиргоо хийх хугацаанд бага, дунд орлоготой иргэдийг хамгаалахад анхаарах хэрэгтэйг онцолжээ.
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон хэлэхдээ, “Төсвийн зардлыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай ч тодорхой бодлого хэрэгжүүлэхдээ амьжиргааны түвшин доогуур иргэдийг хамгаалах асуудлыг анхаарах ёстой. Одоогийн нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг тэдэнд илүүтэй чиглүүлж, сайжруулах нь үр дүнтэй” гэв.
Б.Заяа