ДУНДГОВЬ: STEAM дугуйланд 18 сурагч хамрагдан хичээллэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-27 16:04:48
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал сургууль STEAM дугуйлан хичээллүүлж, хүүхдийн сэтгэн бодох, зохион бүтээх чадварыг дээшлүүлж байна.


STEAM нь шинжлэх ухаан, техникийн ухаан, инженерчлэл, урлаг, уран сайхан, тооны ухаан гэсэн хичээлүүдийн нэгдэл бөгөөд хүүхдэд бүх талын боловсрол олгодог хөтөлбөр аж.


Тус дугуйланд 6-12 дугаар ангийн 18 сурагч хамрагдаж, хичээлийн жилийн I улиралд "батарей", "цахилгаан хөдөлгүүр", "дамжуулгын механизмууд" сэдвүүдийг судалсан бөгөөд сэдвүүдийн хүрээнд дадлага ажлаар резинэн хөдөлгүүртэй энгийн загварууд, механик болон гар удирдлагатай, дугуйтай болон алхдаг техникийн загварууд, роботуудыг хийн туршжээ.



Хөтөлбөрийн багш О.Энхтөрөөс дугуйлангийн үйл ажиллагааны тухай тодруулахад “Манай дугуйлангийн сургалт энэ оны 10 дугаар сарын 1-нээс хичээллэж эхэлсэн. Өмнө нь цөөн цагаар ганц нэг хүүхэд хичээллэж, ихэнх хүүхэд техникийн загвар дээр суралцаж байсан бол энэ жил STEAM хөтөлбөрөөр илүү олон хүүхэд хичээллэж байна.


Эхний улиралд хүүхдүүд маань резинэн хөдөлгүүртэй энгийн загварууд, механик болон гар удирдлагатай, дугуйтай болон алхдаг техникийн загварууд, роботуудыг хийн туршсан бол дугуйлангийн хөтөлбөрийн дагуу II улирлын хагасаас алсын удирдлагатай техникийн загвар болон роботуудыг хийхээр суралцаж байна.


STEAM хөтөлбөрөөс гадна техникийн загвар дээр мөн 10 гаруй хүүхэд хичээллэж байгаа. Сургуулийн нөхөн хангалтын зардлаар сургалтын хэрэглэгдэхүүнээ бүрдүүлж, сургалтаа явуулж байна. Энэ хөтөлбөр маань хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх, зохион бүтээх чадварыг сайжруулах ач холбогдолтой” гэлээ.


Ирээдүйд дугуйлангийн сурагчид робот болон хүний хөдөлмөр, үйл ажиллагааг хөнгөвчилсөн төрөл бүрийн техник зохион бүтээж, тэдний үйл ажиллагааг удирдан програмчилж сурах зорилготой ажээ. 

Связанные новости