ХОВД: Шилдэг шатарчин сумаар Мөст сум шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-07 14:58:01

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ховд аймагт шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор Шилдэг шатарчин сум шалгаруулах шатрын багийн тэмцээн зохион байгууллаа.  

Энэ удаагийн тэмцээнд 12 сумыг төлөөлөн 120 шатарчин оролцсон байна. 


Энэ сарын 6-нд тэмцээнийг шатрын холбооны дүрмийн дагуу швейцар системээр шүүж, шилдгүүдийг тодруулжээ. 

Ингээд Мөст сумын шатарчид тэргүүн байрт шалгарсан бол Жаргалант сумын баг дэд байрт, Зэрэг сумын шатарчид гуравдугаар байрт тус тус шалгарч,  өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авлаа. 

Тэмцээнийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн ивээл дор хоёр дахь удаагаа зохион байгуулсан нь энэ юм.   

“Ховдодоо сайхан амьдарцгаая” сан, Ховд аймгийн Шатрын холбоо, Биеийн тамир спортын газар тус тэмцээний зохион байгуулалтын явцад хамтран ажиллав.  

Тэмцээний үр дүнд орон нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийн шатрын спортоор хичээллэх сонирхол нэмэгдэж,  шатарчдын ур чадвар сайжрах, туршлага солилцох давуу тал бүрдсэн гэж зохион байгуулагчид хэллээ       

Связанные новости