ХОВД: Малын хүчит тэжээлийн үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө
аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав тэргүүтэй албаны төлөөлөл орон
нутагт ажиллаж байна.
Энэ сарын 23-нд
Ховд аймагт ажиллахдаа өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, өнөөгийн төлөв байдлын талаар
холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнээс мэдээлэл авлаа. Мөн орон нутагт
тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал солилцов.
Энэ үеэр баруун
бүсийн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах болон малын хүчит тэжээлийн бага оврын
үйлдвэр байгуулахад салбар яамны зүгээс дэмжлэг үзүүлэх, сумдын газар тариалангийн услалтын системийг сэргээх,
ТЭЗҮ хийх санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг санал хүсэлтийг Ховд аймгийн удирдах
ажилтнууд уламжилсан юм.
Ховд аймаг энэ
онд 824 тонн өвс, 228 тонн тэжээл, 56.4 тонн эрдэс тэжээл бэлтгэж, аймаг сумын мал аж ахуйн бэлтгэлийг 84.7 хувьтай
биелүүлжээ.
Ховдынхон зудын эрсдэлээс сэргийлж 582 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 400 гаруй тонн махыг гадаад улс руу экспортолж, 232 мянган толгой малыг хүнсэнд хэрэглэсэн тухай албаныхан танилцуулав.
Одоогоор Ховд аймагт өвөлжилт хэвийн, цаг агаар тогтуун байгаа ба цаашид хүйтэрч, цас их орвол мал маллахад эрсдэл үүсэхээр байна.

Ulaanbaatar