ХОВД: Энэ сарын 27-нд уулархаг нутгаар цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-12-24 16:57:57

Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Алтай, Үенч суманд хамгийн их буюу 17 см цастай байна. Мөн Булган суманд 10 см цастай байгаа бол Дарви, Чандмань, Зэрэг, Манхан, Дөргөн суманд 1-2 см цасан бүрхүүл тогтжээ.     


Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллээс үзэхэд энэ сарын 27-нд уулархаг нутгаар цас орно.
Энэ сарын 26, 27-нд салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр тогтуун байх төлөвтэй.

Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө -15-20, өдөртөө -4-9 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -20-25, өдөртөө -9-14 хэм хүйтэн байх төлөвтэй.  


Ховд аймгийн ихэнх гол, нуурын мөсний даац хүн, мал, авто машин явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй, мөс цөмрөх эрсдэлтэй байна. 

Одоогийн байдлаар Ховд аймгийн нутаг дахь Дунд цэнхэр, Долоон нуур, Бодонч, Үенч, Булган гол болон Хар-Ус нуурын мөсний зузаан 12-51 см байна. Харин Буянт, Төгрөг гол мөсөн зах, өтгөн зайртай, мөсөн бүрхүүл бүрэн тогтоогүй байгаа юм. Иймээс иргэд, тээвэрчдийг гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр зорчихгүй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.       


Связанные новости