ДУНДГОВЬ: Э.Мөнхзул: Япон Улсад туршлага судлаад, сургуульдаа олон зүйлийг хэрэгжүүлэхээр төсөөлж ирсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-12-07 18:05:19
altantogos

Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сайнцагаан сумын Мандал сургуулийн зургаан багш Дундговь аймгийн “Хүний нөөцийг дэмжих хөтөлбөр”-ийн дэмжлэгээр Монголын хичээлийн судалгааны нийгэмлэгээс зохион байгуулсан Япон Улсын Осака мужийн боловсролын байгууллагуудын туршлага судлах багийн бүрэлдэхүүнд орж аялаад ирсэн. Аяллын тухай сэтгэгдэл, Осака мужийн боловсролын туршлага, түүнээс аймаг орон нутагтаа болон сургуульдаа хэрэгжүүлэх шинэ санаа, туршлага өвөрлөн ирснийг тодруулахаар Мандал сургуулийн сургалтын менежер Э.Мөнхзултай ярилцлаа.


-Япон Улсын Осака мужид аялсан аяллынхаа тухай тодруулна уу? Ямар шугамаар, хэр хугацаанд явсан бэ?

-Монголын хичээлийн судалгааны нийгэмлэгээс жил бүр Япон улс руу сургууль, багш нарын туршлага судлах хөтөлбөр зохион байгуулдаг. Манай сургуулийн багш нар Япон Улсын сайн туршлага болох “Сургуулийн менежментийн зураглал”-ыг өөрсдийн санаачилгаар хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн хэмээн үнэлэгдсэн учраас энэхүү хөтөлбөрт багтах боломж бүрдсэн.

Дундговь аймгийн хувьд “2023 оныг “Боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлэх” жил болгон зарлаж, багш нарыг сургах, туршлага судлуулах, урамшуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр маш сайн дэмжиж байгаа. “Хүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн хүний нөөцийг гадаадад туршлага судлахад дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд манай сургуулиас 6 багшийг дэмжиж, бид 11 дүгээр сарын 21-28-ны өдрүүдэд дээрх хөтөлбөрт хамрагдан туршлага судлаад ирлээ. Дээрх хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ-аас нийт зардлын 30 хувь буюу 9 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг шийдвэрлэж өгсөн.



-Аяллынхаа туршид ямар туршлага судалж, ямар үйл ажиллагаанд оролцсон бэ?  

-Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас нийт 30 багш 2 групп болж явсан. Манай багш нар хоёрдугаар группт багтаж, Япон Улсын Осака мужийн бага, дунд, ахлах сургуулийн орчин, сургалтын үйл ажиллагаа, үдийн хоолны онцлог, боловсролын газрын хамтын ажиллагаа, шүдний эмч нарын сургуулийн орчинд ажиллаж буй үйл ажиллагаа, үр дүнтэй танилцаж, Сакурадани бага сургуулийн 150 жилийн ойн ёслолын үйл ажиллагаанд оролцсон.


Оролцогчдыг Хигаши Осака хотын захирагч Нода, Хигаши Осака хотын боловсролын газрын дарга Фүрүкава, боловсролын газрын эрүүл мэнд, үдийн цайны мэргэжилтэн Нишимори, сургууль, багш нар хариуцсан мэргэжилтэн Шимизү нар болон Хигаши Осака хотын зүүн бүсийн сургуулийн шүдний эмч нарын холбооны тэргүүн Фүжишима, бусад эмч нарын баг хүлээн авч уулзаж, туршлагаасаа хуваалцлаа.


-Эдгээрээс орон нутагтаа, сургуульдаа юуг нь хэрэгжүүлмээр санагдсан бэ?

-Японы сургуулиудын дэвшүүлж буй зорилгыг сонсоход нийтлэг “Бие даан амьдрах чадвартай, эрүүл чийрэг, цоглог, өөртөө итгэлтэй” хүүхдүүдийг бий болгох тухай байсан нь сурлагын чанар гэхээс илүү хүүхэд рүүгээ чиглэсэн, хүсэн хүлээж буй хүүхдүүдийнх нь дүр төрх тодорхой, хүүхэд төвтэй байгаа нь ажиглагдсан.


Гутлаа үдэж сурахаас эхлээд зөв бие засах, хэрхэн өөртөө итгэлтэй ярих, хүний эрхийг яаж дээдлэх тухай, яаж биеэ дааж зөв амьдрах тухай, үнэнч шударга байдлын тухай хичээлийн агуулгадаа голчлон багтаасан байгаа нь үнэхээр онцлог байна.


Мөн сургуульд нь үйлчилгээний ажилтан гэж байхгүй, хүүхдүүд бага сургуулиасаа эхлээд л сургуулиа өөрсдөө цэвэрлэдэг, цэвэр орчныг өөрсдөө бүрдүүлдэг нь сонирхолтой. Гол нь эрүүл зөв амьдрах, хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд хичээлийн жилийн эхнээс нь анхаарч, сургууль, эрүүл мэнд, боловсролын газар нь хамтдаа нэгдсэн бодлого чиглэлээр анхаарч ажиллаж, гол нь бодит үр дүнд хүрсэн байсныг онцлох нь зөв.



Сургуулийн үдийн хоолонд нь өдөр бүр 200 мл сүү заавал өгдөг. Үүнийг сонсоод манай орон нутаг бас Засаг даргын санаачилгаар бүх сумын Засаг дарга, сургууль, эцэг эхийн хамтын оролцоонд тулгуурлан 7 хоногийн 3 өдөр сүү уулгаж байгаа үйл ажиллагаатай нийцэж байгааг харах таатай санагдаж байлаа.  


Үзэж, судалж ирсэн зүйлээс сургуульдаа маш олон ажлыг хэрэгжүүлэхээр төсөөлж ирсэн. Тухайлбал, сургуулийн зорилго, төлөвлөлтдөө хүүхдүүдийн эрүүл мэнд, зөв дадлыг дэмжсэн ажлуудыг илүү дэмжин, бие даан суралцах чадварыг нь дэмжих чиглэлээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна.


Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж, туршлага судлах үйл ажиллагааг дэмжсэн бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийлмээр байна.


-Ярилцсанд баярлалаа. Ажилд нь өндөр амжилт хүсье!







Связанные новости