X сүлжээнд энэ сард 10 сая гаруй хүн шинээр бүртгүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН, 2023
оны арванхоёрдугаар сарын 8 /Reuters/. Энэ сар гарсаар 10 сая гаруй хүн X олон нийтийн сүлжээнд шинээр бүртгүүлсэн гэж X компанийн гүйцэтгэх
захирал Линда Яккарино пүрэв гарагт мэдэгджээ.
Томоохон брэндүүд хуучнаар Twitter гэгддэг байсан тус платформ дээрх
маркетингийн кампанит ажлаа түр зогсоосноор оны эцэс гэхэд Х компани 75 сая орчим долларын зар сурталчилгааны орлогоо
алдах эрсдэлтэй байгаа талаар New York Times сонинд мэдээлсний дараа дээрх мэдээллийг хийсэн байна.
12 дугаар
сард шинээр бүртгүүлсэн
хүмүүсийн тоог дундаж
үзүүлэлттэй харьцуулахад хэрхэн
өөрчлөгдсөн, мөн Л.Яккарино яагаад энэ тоог танилцуулсан талаар тайлбар авах хүсэлтэд хэрэглэгчийнхээ тоон мэдээллийг тогтмол танилцуулдаггүй X компанийн зүгээс одоогоор хариулт өгөөгүй байна. Америкийн тэрбумтан Илон Маск энэ оны долоодугаар сард тус сүлжээний сар тутмын идэвхтэй
хэрэглэгчдийн тоо 540 саяд хүрсэн гэж мэдээлж байжээ.
Apple, Disney, Warner Bros Discovery, Comcast, Lions Gate Entertainment, Paramount Global, IBM зэрэг хэд хэдэн компани X дээр зар сурталчилгаагаа байршуулахаа түр зогсоож байгаагаа 11 дүгээр сард мэдэгдсэн юм. “Media Matters” байгууллагын тайланд дурдсанаар, X сүлжээн дэх нацизмыг дэмжсэн нийтлэлүүдийн хажууд томоохон компаниудын зар байгааг илрүүлсэн байна. Харин X платформын зүгээс тус байгууллагыг нэр хүндэд халдсан хэмээн буруутгаж 11 дүгээр сарын сүүлээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.