Миязаки Хаяогийн шинэ кино Box Office-ыг тэргүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
НЬЮ-ЙОРК. 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /NBC News/, Японы найруулагч Миязаки Хаяогийн "Хүү ба шувуу" хэмээх шинэ кино энэ амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн даруйдаа 12.8 сая ам.долларын орлого олсноор Хойд Америкийн Box Office-ыг тэргүүлсэн түүхэн дэх анхны анимэ боллоо.
Уг киног IMAX театрууд болон бусад дээд зэрэглэлийн дэлгэцтэй кино театруудад үзүүлж байгаа нь, түүнчлэн "Вонка", "Аквамэн", "Алдагдсан хаант улс" зэрэг баярын блокбастерууд ирэх долоо хоногт нээлтээ хийхээр хүлээгдэж байгаа нь Box Office-ыг тэргүүлэхэд нөлөөллөө.
"Сүнсэнд туугдагсад”, “Мононоке гүнж" зэрэг кинонуудыг бүтээгч, 2013 онд "Салхи ширүүссээр байна" анимэгээ дэлгэцэнд гаргасны дараа "зодог тайлж" байгаагаа мэдэгдэж байсан Миязаки “Хүү ба шувуу” киногоороо 10 гаруй жилийн дараа дэлгэцнээ эргэн ирснээ зарлалаа.
Миязаки Хаяо бол Японы анимэ кино найруулагч, кино зохиолч, зохиолч, продюсер юм. Тэрбээр Берлиний "Алтан Баавгай", Венецийн "Алтан арслан" кино наадмуудын шагналтан бөгөөд 2003 онд "Сүнсэнд туугдагсад" анимэ киногоороо Оскарын шагнал хүртсэн бол 2015 онд кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж түүнд Оскарын хүндэт шагналыг олгожээ.