ХОВД: Сар бүр 2000 тонн шатахуун авахаар гэрээ байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-13 12:18:53

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн ихэнх суманд шатахууны хомсдол үүсэж, зарим шатахуун түгээх станц нэг сар гаруй хугацаанд дизель түлшний нөөцгүй байна.

Иймээс шатахууны нөөц бүрдүүлэх асуудалд аймгийн удирдлагууд анхаарч, тодорхой зохицуулалт хийж эхэллээ.  

Тодруулбал, Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын баг өнгөрсөн сард ОХУ-ын Бийск, Барнаул хотод томилолтоор ажиллаж, бензин шатахууныг тогтмол нийлүүлэх тухай холбогдох хүмүүстэй ярилцан, гэрээ байгуулсан юм.

Гэрээний дагуу "Оюу мандал" ХХК-ийг  түшиглэн ОХУ-аас сар бүр 2000 тонн орчим шатахуун худалдан авахаар боллоо.  Тус компани дизель түлш болон АИ-92 авто бензинийг татан авч, нөөц бүрдүүлэх ба Ховд аймгийн сумдад хуваарийн дагуу хүргэх юм.

Одоогоор Чандмань, Эрдэнэбүрэн суманд шатахуун тээвэрлэн хүргэсэн. Үргэлжлүүлэн Мөст, Булган сумын чиглэлд шатахууны тээвэрлэлт хийх гэж байна.

Цаашид  Ховд аймгийн зарим суманд өвөлжилт,  хаваржилт хүндэрч болзошгүй байна.  Иймээс эрсдэлийг тооцож шатахууны нөөц бүрдүүлэх нь чухал гэж албаныхан үзэж байна.   

Связанные новости