ДУНДГОВЬ: Мал тооллогын ажилд 15 сумын 68 багаас 93 ажлын хэсэг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-12-13 16:53:36
altantogos

Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. 12 дугаар сарын 7-нд улс, орон даяар эхэлсэн 2023 оны жилийн эцсийн мал тооллогын ажилд Дундговь аймгийн 15 сумын 68 багаас 93 ажлын хэсэг гарч ажиллаж байна.


Малын тооллогын үр дүнг ХАА-н салбарын үйлдвэрлэл, эдийн засгийн салбарт оруулж буй хувь нэмрийг тооцох, бодлого боловсруулах, төлөвлөх, дүгнэх, малын тоо толгойн татвар бүрдүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээ болон бэлчээр төлөвлөх, сүү, ноос, арьс ширний урамшуулал тооцох, малчдын нийгмийн халамж, зээл олголттой холбоотой нотолгоонд суурлилсан мэдээлэл бэлтгэх зэрэгт ашигладаг.


2023 оны мал, тэжээвэр амьтдын тооллого зохион байгуулах ажилтан, багийн Засаг дарга нарт Үндэсний статистикийн хороо, аймгийн ЗДТГ-аас сургалт зохион байгуулж, Статистикийн байгууллагын үйл ажиллагаа, Засаг захиргааны анхан шатны нэгжийн үүрэг оролцоо, Албан ёсны статистикийн мэдээ тайлангийн хамралт бодит байдал, анхаарах асуудал, Хүн ам өрхийн мэдээллийн сан, Мал тооллогын зохион байгуулалт, хэрэглээ ач холбогдол зэрэг сэдвүүдээр мэдлэг олгож, мэдээллийн чанарыг сайжруулах чиглэлээр чадавхжуулжээ.


Мөн энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат багийн Засаг дарга нарт 400.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, 66 багийн даргад иж бүрэн зөөврийн компьютер, 40 багийн Засаг даргад туулах чадвар сайтай мотоцикл хүлээлгэн өгсөн байна.


Ташрамд дурдахад 2022 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Дундговь аймгийн хэмжээнд 3 626 370 толгой мал тоолуулсан нь өмнөх оны дүнгээс 14.4 хувиар өссөн бөгөөд үүний дотор адуу 183 067, үхэр 74 535, тэмээ 41 138, хонь 1 724 215, ямаа 1 603 415 толгой болсон юм. 

Связанные новости