Шүд угаалтын аваргын төлөө асрамж, халамжийн 4 төвийн 108 хүүхэд өрсөлдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн “Өнөр бүл” хүүхдийн төвд болж асрамж, халамжийн дөрвөн төвийн 18 багийн 108 хүүхэд оролцов.
Тус тэмцээнийг дунд сургуулийн сурагчдын шүд, амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг юм.
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас улс орон даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах ажлыг өнгөрсөн оны тавдугаар сараас эхлүүлсэн. Эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн 86,7 хувь нь шүд цоорох өвчтэй нь тогтоогдсон. Тэр дундаа 17 хүртэлх настай хүүхдийн шүдний цооролтын өвчлөл 90 хувьтай байгаа нь анхаарал хандуулах цаг болсныг илтгэж байна. Тиймээс Засгийн газраас энэ талаар арга хэмжээ авч ажиллах үүргийг ЭМЯ-нд өгч, өнгөрсөн наймдугаар сард 322 тоот тогтоол гаргаж “Эрүүл шүд” арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Үүгээр дамжуулан хүүхдэд багаас нь шүд, амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, мэдээллийг үнэн зөв өгч, дадал хэвшлийг суулгах юм” гээд өнгөрсөн гурван сарын хугацаанд ЭМЯ орон нутгийн захиргаа, мэргэжлийн ТББ-уудтай хамтран Өмнөговь, Өвөрхангай, Төв, Орхон аймагт “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-ийг амжилттай зохион байгуулсныг хэллээ.
Дээр дурдсан аймгуудад зохион байгуулсан “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-д нийт 680 хүүхэд, 160 орчим багш хамрагдаж, 250 орчим шүүгч зохион байгуулагч нарыг бэлтгэжээ. Эдгээр хүүхэд, багш нар тэмцээнд оролцохоос гадна шүд амны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны талаар бүрэн мэдлэг, хандлага, дадалтай болж, ЭМЯ-ны “Эрүүл мэндийн элч” болон томилогдож, үе тэнгийнхэн, багш, эцэг эхчүүд, ах дүү нартаа эрүүл мэндийн талаар хичээл зааж, олон төрлийн нөлөөлийн ажлыг хийж байгаа юм.
ЭМЯ, АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургууль, Шүдний холбоо зэрэг олон байгууллагын дэмжлэгтэй зохион байгуулж буйг "Өнөр бүл" төвийн захирал М.Өлзийчимэг онцлоод “Хүүхдүүдийн хувьд сүүлийн 14 хоногт тэмцээндээ бэлтгэсэн. Уг тэмцээнээр дамжуулан шүдээ хэрхэн зөв угаах, ямар бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх, бусдад үлгэрлэх зэрэг маш олон дадлыг өөрийн болгож байна. Манай төв 2018 онд шүдний кабинеттай болсноор хүүхдүүдийнхээ шүдний эрүүл мэндийг сахин хамгаалахад тун их ач холбогдолтой болсон” гэлээ.
Тэмцээнийг өртөөчилсөн байдлаар зохион байгуулж, 2-5 дугаар өртөөний нийлбэр оноогоор тэргүүлсэн гурван багийг шалгаруулах юм.