ДУНДГОВЬ: Малжуулах төслийн хүрээнд 26 малчин өрхөд 1309 толгой мал олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас
2023 онд 11 сумын 26 малчин өрхийн 52 иргэнийг малжуулах төсөлд хамруулж, 130,0
сая төгрөгийн 1309 толгой мал олгожээ.
Тус төслийг энэ оны 3 дугаар сараас эхлэн зарлаж,
шаардлага хангасан өрхүүдийн материалд үндэслэн нэг өрхөд 5,0 хүртэл сая төгрөгийн
мал олгосон.
Энэхүү төслийн хэрэгжилтийн тухай аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Э.Цэвэлмаагаас тодруулахад “Малжуулах төсөлд хамрагдахын тулд 18-45 насны 2-оос доошгүй хөдөлмөрийн чадвартай гишүүнтэй, бог малд шилжүүлснээр 50-200 хүртэл толгой малтай, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн бусад дэмжлэг аваагүй малчин өрх байх шаардлагыг хангасан байх ёстой. Санхүүгийн дэмжлэгт хамрагдах малчид 5.0 сая төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаанд, хүү тооцохгүйгээр 100 хувь эргүүлэн төлнө.
Энэ жил Сайнцагаан, Луус, дэрэн, Адаацаг, Эрдэнэдалай,
Баянжаргалан, Өндөршил, Сайхан-Овоо, Хулд, Дэлгэрцогт, Дэлгэрхангай сумаас нийт
26 өрх хамрагдсан. Бид 3 дугаар сараас эхлэн төслөө зарлаад явж байгаа” гэлээ.
Ташрамд дурдахад, 2017 оноос хойш тус төслийн хүрээнд 193 өрхийг малжуулсан
бөгөөд 2022 онд нийт 28 өрхөд 1217 толгой мал олгожээ.