ДУНДГОВЬ: Гэмт хэргийн улмаас 11 хүн нас барж, 251 иргэн хохирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-12-19 14:57:35
altantogos

Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цагдаагийн газрын мэдээгээр энэ оны 11 дүгээр сарын байдлаар тус аймагт гэмт хэргийн улмаас 11 хүн нас барж, 251 иргэн хохирч, 130 хүн гэмтсэн байна.


Энэ хугацаанд аймгийн Цагдаагийн газарт иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 1497 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 246 гэмт хэрэг бүртгэгджээ. Нийт гэмт хэргийн 30.1 хувийг согтуугаар, 10.6 хувийг эмэгтэй хүн оролцсон, 3.2 хувийг гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 2.4 хувийг хүүхэд оролцсон гэмт хэрэг,10.3 хувийг цахим орчинд, 2.4 хувийг бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэг эзэлж байна.


Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад тус аймгийн хэмжээнд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон дээрэмдэх, залилах, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг тодорхой хэмжээнд өссөн бол хүчиндэх, мал хулгайлах, хүнийг санаатай алах, хүрээлэн байгаа орчны эсрэг, хулгайлах зэрэг гэмт хэрэг буурсан байна. Гэмт хэрэгт нийт 185 хүн холбогдон шалгуулжээ.


Цагдаагийн газар 19718 зөрчил шалгаж, зөрчил гаргасан 19209 иргэнийг 885.3 сая төгрөгөөр торгосон байна. Үүнээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэргээр 287 хүнийг торгон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, 198 хүнд баривчлах, 74 хүнд саатуулах шийтгэл тус тус ногдуулжээ. Эрүүлжүүлэгдсэн хүний тоо өмнөх оны мөн үеийнхээс 4 дахин буурч, 46 болсон нь онцлог байна.


Энэ хугацаанд тус аймгийн хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 96 дуудлага бүртгэгдсэнийг ОБГ-аас мэдээлсэн ба үүнд гал түймрийн 25 дуудлага ирж, зам тээврийн 6 удаагийн осол, газар хөдлөлтийн 3 дуудлага иржээ.

Связанные новости