ТӨВ: Зуунмод сум аялал жуулчлалыг хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-12-20 15:58:09

Зуунмод, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Зуунмод сум Төв аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмаар нийт 90 мянга гаруй жуулчин, Манзуширын ам руу нийт 35 мянган жуулчдыг хүлээн авчээ.


Цаашид жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд төлөвлөж буй ажлуудын талаар Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Сарангэрэлээс тодруулахад, “Энэ жил Зуунмод сумын аялал жуулчлалын оргил үе байлаа. Иймд энэхүү жуулчдын урсгалыг хадгалж үлдээх, цаашид сонирхуулах зүйлсийг нэмэгдүүлэхийн тулд төлөвлөгөө гарган ажиллаж байна.


Зуунмод хотод КОЙКА олон улсын байгууллагын сайн дурын 5 ажилтан ажиллаж, нийт 17 мянган долларын англи, солонгос, монгол хэлээрх нэгдсэн цахим сайтыг үүсгэж байна. Энэхүү цахим мэдээллийн санд Зуунмод суманд аялж байгаа жуулчинд зориулсан худалдаа үйлчилгээ, хоолны газар, зочид буудал, такси, автобусны буудал, үзвэр үйлчилгээний газруудын мэдээллүүдийг нарийвчлан байршуулна.  


Ирэх оны 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15 хүртэл нийтийн тээврийг Манзуширын ам чиглэлд нэмэхээр төлөвлөж байна. Мөн Зуунмод хотод зочид буудал, ресорт барих, усан парк барих, Манзушир чиглэлд нийтийн ариун цэврийн газартай болох нийт гурван төслийг зарлахаар төлөвлөж байна.


Ингэснээр аялал жуулчлалын салбар тодорхой хэмжээнд урагшилна гэж харж байна. Түүнчлэн Манзуширын аманд ирэх онд экологийн боловсрол олгох, түүх ёс заншлыг таниулах эвент үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөгөөндөө тусгалаа.  


Мөн шинэ нисэх онгоцны буудал, Шинэ Зуунмод хот, Майдар хот, Археологи, палентологийн лаборатори музей гээд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд илүү таатай бүс нутаг болж байна” гэв. 

Связанные новости