ДУНДГОВЬ: Шилдэг эцэг эхийн зөвлөлийг шалгаруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ГБХЗХГ-аас 2023 оны “Шилдэг эцэг эхийн зөвлөл”-ийг
шалгаруулж, шинэ оны босгон дээр шагналыг гардуулжээ.
Байгууллагынхаа ажилтнуудын гэр бүл, хүүхдийн хөгжил,
хамгаалал, нийгмийн асуудалд анхаарч, идэвхтэй ажилласан эцэг эхийн зөвлөлийг тус
байгууллагаас жил бүр ийнхүү шалгаруулж, байгууллагуудын дэргэдэх Эцэг эхийн
зөвлөлийн үйл ажиллагааг дэмждэг.
2023 онд ажилчдынхаа хүүхэд, гэр бүлийг хөгжүүлэхэд
чиглэсэн үйл ажиллагаагаар аймгийн ХХҮГ тэргүүлж, “Шилдэг эцэг эхийн
зөвлөл”-өөр шалгарсан бол Сайнцагаан сумын 3 дугаар цэцэрлэгийн дэргэдэх Эцэг
эхийн зөвлөл хоёрдугаар байр, Дэлгэрцогт сумын Хүүхдийн цэцэрлэгийн дэргэдэх
Эцэг эхийн зөвлөл гуравдугаар байрт жагсжээ.
Тэргүүний эцэг эхийн зөвлөлийн туршлагыг хуваалцахаар
ХХҮГ-ын мэргэжилтэн С.Гарамхандаас тодруулахад “Манай эцэг эхийн зөвлөлөөс байгууллагынхаа
нэг залуу ажилтны гэр бүлд хашаа барьж өгч, мод суулгасан бөгөөд нийтийн байрны
гадаах хүүхдийн талбайг засварлаж, байгууллагынхаа хүүхдийн өрөөний тохижилтыг
сайжруулж, тоглоом, унших номын баяжилт хийсэн. Мөн бүх ажилчдаа сургалт
зохион байгуулж, ГБХЗХГ-аас зохион байгуулсан “Ээж, охидын болзоо” үйл
ажиллагаанд өсвөр насны охидтой албан хаагчдаа оролцуулах зэргээр гэр бүлийг
дэмжин ажиллалаа” гэлээ.
Харин Сайнцагаан сумын 3 дугаар цэцэрлэгийн Эцэг эхийн зөвлөл багш, ажилчдынхаа хүчээр “ажилчдын амрах хэсэг”, “ажилчдын бага ангийн хүүхдүүдийн хичээл давтах хэсэг”-ийг тохижуулж, хүүхэд хөгжлийн танхимд багш, ажилчдын хүүхдийн хичээл давтах бичил орчныг байгуулж, чөлөөтэй орж ашиглах нөхцөл боломжоор хангажээ.
Багш, ажилчдын бага ангийн хүүхдийг, харж асрах хүнгүй тохиолдолд цэцэрлэгийн орчинд тоглож, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж бүхий орчныг бүрдүүлж, цагийн хуваарь гаргаж өгсөн төдийгүй номын баяжилт хийн, ажилчдын хүүхдэд гэрээр ном унших боломжийг бүрдүүлж, номын тэмдэглэл хөтлүүлж хэвшсэн байна.