ДУНДГОВЬ: Онцгой комиссын шуурхай штаб хуралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-12-21 17:56:32
altantogos

Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комиссын шуурхай штаб 12 дугаар сарын 20-нд хуралдаж, Адаацаг сумын халаалтын асуудлыг хэлэлцлээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. Онцгой комиссын шуурхай штабын хурлын үеэр Адаацаг сумтай цахимаар холбогдож, нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцжээ. 


Адаацаг суманд халаалтын үйл ажиллагаа доголдож, энэ сарын 19-ний өглөөний 9.00 цагаас халаалтыг бүрэн зогсоож, шугамын усыг шавхсан байна. Тус суманд нэгдсэн халаалтаар халдаг Соёлын төв, Цагдаагийн кабон, 4 аж ахуйн нэгж, 8 айлын орон сууц, сургууль, Эрүүл мэндийн төвийн байрны зарим хэсгийн радиатор хагарч, хөлдсөн нөхцөл байдалд байгаа аж.


Тус сумын ерөнхий боловсролын сургуульд 298 сурагч, цэцэрлэгт 106 хүүхэд суралцдаг. Одоогоор сургалтын үйл ажиллагааг цахимаар зохион байгуулж, дотуур байрны 52 хүүхдийг гадуур байлгаж, эцэг, эх, гэр бүлийнхэнд нь хүлээлгэж өгчээ. Сумын эрүүл мэндийн төвд одоогийн байдлаар 3 сартайгаас 3 насны дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.


Сумын хэмжээнд нэгдсэн халаалтаар хангаж байсан “Алтай Авантур” ХХК-ийн халаалтын зуух байрлах ажлын байр дулаалгагүй, мэргэжлийн инженер, техникийн ажилтан байхгүй учраас дахин халаах боломжгүй болсон төдийгүй үйл ажиллагааг нь хүлээн авч ажиллуулах тусгай зөвшөөрөл бүхий байгууллага байхгүй байгаа аж.


Шуурхай хуралдаанаар Адаацаг суманд мэргэжлийн баг томилж ажиллуулан, шаардлагатай багаж техник, хөрөнгө мөнгийг яаралтай шийдвэрлэхээр болсон байна. 

Связанные новости