ДУНДГОВЬ: БНСУ-ын Чоннам аймгийн Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-12-22 16:46:58
altantogos

Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2023 оноос БНСУ-ын Жоллонам аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтын ажиллагаа тогтоож, санамж бичиг байгуулжээ.


Тус хамтын ажиллагааны хүрээнд тус аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэний урилгаар БНСУ-ын Жоллонам аймгийн ИТХ-ын Төлөвлөлт, захиргааны хорооны дарга Шинь Мунь-Ху, Чоннам аймгийн Их сургуулийн ерөнхий захирал Жу Мён Рэ нар болон албаны хүмүүс 12 дугаар сарын 15-17-нд Монгол Улсад айлчлал хийж, энэ үеэр Дундговь аймгийн удирдлагуудтай албан ёсны уулзалт зохион байгуулжээ.



Уулзалтын үеэр Дундговь аймгийн Политехникийн коллеж болон Сайнцагаан сумын Мандал сургууль БНСУ-ын Чоннам аймгийн Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд хоёр талын оюутан, сурагч, багш солилцоог зохион байгуулах, сургалтын хөтөлбөрийг сайжруулах, судалгаа хийх, мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллахаар тусгасан байна. Хамтын ажиллагааны талаарх нарийвчилсан төлөвлөгөөг харилцагч байгууллагууд зөвшилцөн хэрэгжүүлнэ гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ.


Дээрх уулзалтад аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Л.Доржбат, Засаг даргын зөвлөх Н.Соёмбо, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсанаа нар байлцжээ.  



Связанные новости