ДУНДГОВЬ: Э.Номин-Эрдэнэ: “Урам кидс” бол бид хоёрын "болжмор шиг" зөөж бий болгосон гэр бүлийн бизнес юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-01-03 13:46:45
altantogos

Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Дундговь аймагт импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бага насны хүүхдүүдийн онцлогт тохирсон хувцас урлан уйгагүй хөдөлмөрлөж яваа нэгэн бүсгүйг урьж ярилцлаа. Энэ бол “Урам кидс” брэндийг санаачлагч Энхтуяагийн Номин-Эрдэнэ. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Дулаанхан тосгонд төрж өссөн, Дундговь аймгийн бэр, хоёр хүүхдийн ээж юм.



-Танд шинэ оны мэнд дэвшүүлье! Шинэ он гарч, хүн бүр хуучин онд хийж бүтээснээ дүгнэж, цэгнэдэг. Тиймээс таны 2023 оны бизнесийн амжилтаар ярилцлагаа эхэлье?

-2023 он бидэнд өгөөжтэй сайхан жил байлаа. Бизнесээ өргөжүүлсэн, орон нутагтаа танигдаж, үйлчлүүлэгчдийнхээ хүрээг тэлсэн тийм л жил байлаа.

ЖДҮДС-ийн зээл авч, бид өөрийн гэсэн ажлын байртай болж, шинээр хоёр ажлын байр нэмж, тоног төхөөрөмжөө ч гэсэн нэмэгдүүлсэн. Тэр хэмжээгээр үйлдвэрийн хүчин чадал ч дагаад нэмэгдсэн. Гайхалтай, амжилт арвин жил байсан.


-“Урам кидс” брэндийг Дундговьд мэдэхгүй хүнгүй болжээ. Бизнесийн санаагаа хэрхэн олж, хэрхэн амжилтад хүрсэн тухайгаа хуучлаач?

-2015 онд энэ нутгийн бэр болж ирээд хоёр хүүгээ асарч, гэртээ байх хугацаандаа хүүхдүүдээ өөрийн хийсэн хувцсаар гоёдог байсан. Тэгээд бага насны хүүхдүүдэд хөвөн зөөлөн материалаар хийсэн ийм төрлийн хувцас хамгийн хэрэгцээтэй байгааг ойлгосон.


Ээж минь “баривч бол дулаан, хөнгөн, хүүхдэд эвтэйхэн, хамгийн таатай хувцас. Ханцуй нь л өргөн байвал тоодойгоод л өмсөөд байж болдог” гэдэг байсан юм. Энэ л миний “баривч” оёх шалтгаан болсон байх.


“Урам кидс” миний хань бид хоёрын болжмор шиг зөөж бий болгосон гэр бүлийн бизнес юм. Ханийг маань Э.Сүхбат гэдэг. Бид анх хоёр оёдлын машин, 14 м.кв түрээсийн байрнаас гараагаа эхэлж байсан бол өдгөө өөрийн гэсэн ажлын байр, нэрийн дэлгүүр, зургаан ажилтантай, үнэнч үйчлүүлэгчидтэй болж, тодорхой хэмжээнд зах зээлд танигдаж, манай бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ их болсон байна.



-Танай бүтээгдэхүүний онцлог, “Урам” гэж нэрлэсний учир юу байна вэ? Нярай хүүхдийн баривчнаас гадна өөр ямар шинэлэг бүтээгдэхүүн гаргадаг вэ?

-“Урам” өгөх нь өөрт болон өрөөлд аз жаргал, итгэл, маш их энерги бэлэглэдэг болохоор бизнестээ “Урам кидс” гэдэг нэрийг өгсөн. Айл бүр маамуутай. Тэгэхээр манай брендийн хамгийн гол бүтээгдэхүүн бол нярай хүүхдийн баривч юм.


“Урам кидс” баривч өөрийн гэсэн онцлогтой, хөвөн, зөөлөн материалаар хийдэг, үндэсний хэв маяг орсон шийдэлтэй, удаан өмсүүлэх чанарыг бүрдүүлсэн байдаг. Бид захиалгын болон массын чиглэлээр үйлдвэрлэлээ явуулдаг.


Шинэ жил, хүүхдийн баяр, цагаан сар гээд баяр ёслолд зориулсан бүтээгдэхүүн мөн гаргаж байна. Гаднаас орж ирж байгаа шинэ жилийн өмд, цамцыг орлох бүтээгдэхүүнийг бид орон нутагтаа үйлдвэрлэх боломжтой. Гэхдээ шинэ жилээр гаргадаг хувцаснуудын хувьд хэвлэлийн зардал их гараад байсан болохоор бид хоёр өнгөрсөн жил хэвлэлийн машинтай болсон. Тэгэхээр аятайхан зөөлөн, чанартай материалаар хийсэн өмд, цамцыг боломжийн үнээр худалдан авахыг бид хэрэглэгчдэдээ санал болгож, хэрэглэгчид маань нэмэгдэж байна.


-Бяцхан хүүхдүүдэд дулаахан, хөнгөн, хөөрхөн баривч үйлдвэрлэх энэ бизнесийг санаачилсан Номин-Эрдэнэ бидэнд өөрийгөө танилцуулаач?

-Би Сэлэнгэ аймагт төрж өссөн. 6 хүүхэдтэй айлын тав дахь охин. Нийслэлийн 67 дугаар дунд сургуулийг төгссөн. 2010 онд Үйлдвэрлэл, урлагийн сургуульд Хувцас загвар зохион бүтээгч мэргэжлээр суралцаж, загвар зохион бүтээгч болсон. Оёдлын мэргэжлээр нийт 14 жил ажиллажээ.



-Таны бизнесийн амжилтын нууц юунд байна вэ, энэ л амжилтад хүрэхийн тулд бэрхшээл ч чамгүй л байсан байх?  

-Оёдолчин охид маань манай бизнесийн хувьд хамгийн их үнэ цэнтэй. Тэд бол зүгээр л хайр. Би “арын албаны асаалттай танкууд” гэж хэлэх дуртай.

Нэг зорилготой, нэг хүсэл мөрөөдөлтэй хамт олон бол миний хамгийн том хүч юм.


“Урам кидс” брэнд яг л нярай хүүхэд шиг маш их хайр халамж, цаг хугацаа хөдөлмөр зүтгэл, тэвчээр, чармайлт шаарддаг болохоор цаашдаа миний оролцоогүй үйлдвэрлэл минь явдаг болоосой гэж мөрөөддөг.


Мэдээж бэрхшээл байлгүй л яахав. Бүх л үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамддаг бараа бүтээгдэхүүн борлуулах, ачаалал их үед ажиллах хүч дутагддаг гэх мэт зүйлүүд байна. Гэхдээ даваад л гардаг.


2023 онд ЖДҮДС-аас ажлын байр авахад дэмжиж, зээл олгосон нь бидэнд өгсөн маш том урам, дэмжлэг болсон. Бид үйлчлүүлэгчдээ алдахгүй, тэднийхээ итгэлийг хадгалдаг байхын тулд бараа бүтээгдэхүүний зогсонги байдалд орж хэзээ ч болохгүй. Үргэлж л шинийг эрэлхийлж, шинийг санаачилж, чанартай материалаар, чанартай бүтээгдэхүүн гаргаж байхыг хичээж ажилладаг даа.


-Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье!











Связанные новости