Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль шинэчилсэн байдлаар хэрэгжиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-01-03 17:02:13

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/.  Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг энэ оны эхний өдрөөс шинэчилсэн байдлаар хэрэгжүүлж эхэллээ. Шинэчилсэн байдлаар гэдэг нь өмнө нь энэ хууль Концессын тухай хуулиар зохицуулан хэрэгжүүлж ирсэн юм. Гэвч жагсаалт гаргаад, түүнийгээ судалж тооцолгүйгээр шууд гэрээ хийж, барьж шилжүүлдэг байдлаар явж ирсэн өмнөх доголдлыг харгалзан үзэж, арилгаж халах байдлаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэллээ.


Одоо энэ хуулийн үндсэн зорилт нь төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, илүү түншилж, хувийн хэвшлийг урт хугацаанд дэмжинэ. Ингэснээр дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлнэ хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээр:

  • Төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийнхнийг татан оролцуулж өрсөлдөөн үүсэх,
  • нийгэм, эдийн засгийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах санхүүгийн арга хэрэгслийг нэвтрүүлэх,
  • урт хугацаанд төсвийн ачааллыг бууруулах зэрэг олон давуу тал бий болно хэмээн ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж хэлж байна.

Энэ хуулийг шинэчилсэн байдлаар батлах шаардлагын талаар тэрбээр хэлэхдээ, Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичигт Монгол Улсыг хөгжлийг олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хүрээнд цахилгаан станц, авто зам, төмөр зам, нийтийн тээвэр зэрэг дэд бүтцийг хөгжлийг сайжруулж хурдасгах чиглэлээр олон төсөл хөтөлбөр тусгаад байгаа.


Үүнтэй зэрэгцэн бизнесийн орчин болон төрийн чадамжийг сайжруулах хүрээнд олон хууль тогтоомжийг засаж сайжруулах шинэчлэх, шинээр хууль тогтоомжийг санаачлах хүрээнд Засгийн газраас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг боловсруулж баталсан гэв.

Шинэчилсэн хуулиар өмнөх Концессын хуулиар төсөв санхүүгийн сахилга батыг алдагдуулсан байдлыг халж олон улсын жишигт нийцүүлж байна гэв.



Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэдгээ Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар баталгаажуулж буйгаа илэрхийллээ.


Төр, засаг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулиар хувийн хэвшлийг 7 төрлөөр дэмжихээ тусгаад буй. Энд, төрийн үйл ажиллагаа өөрөө ойлгомжтой, ил тод, тоглоомын дүрэм тодорхой байх ёстой. Энэ хүрээнд Засгийн газар урт хугацаанд гэрээ байгуулсан бол баталгаа гаргаж өгдөг, гэрээний хүчин төгөлдөр талтай Засгийн газар өөрөө баталгаа болно гэдгийг ЭЗХ-ийн дэд сайд тодотгон хэлж байна.


Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд Засгийн газар хувийн хэвшлийн тооцоо судалгаа, ТЭЗҮ-тэй, төр, засгаас тавьж буй өндөр шаардлагыг хангасан сайн төслүүдийг дэмжин ажиллана.



Түүнчлэн хувийн хэвшлийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад газар олгох, тусгай зөвшөөрлийг нь шийдэх, үнэ тарифын асуудлыг хэлэлцэн чөлөөлөх, ялангуяа энд манай улсын өмнө тулгамдаад буй эрчим хүчний болон иргэний нисэхийн салбарт үнэ тарифын либеральчлалыг хийх зэргээр дэмжиж, эдийн засаг, бизнесийн зарчмаар цаашид хөгжүүлэн явуулах, улмаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах боломжуудыг нээж өгөхөө илэрхийлж, энэ талаар Төр-хувийн хэвшлийн тухай шинэчилсэн хуульд тусгаад байна.



Связанные новости