ДАРХАН-УУЛ: Хоршоо хөгжүүлэх сангаар дамжуулан 500 сая төгрөг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-01-04 17:44:14

Дархан, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Дархан сумын ИТХ-ын 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний тогтоолоор Хоршоо хөгжүүлэх сан”-гийн 2024 оны төсвийн санхүүжилтийг 500 сая төгрөгөөр баталсан аж. Нэг хоршоод олгох зээлийн дээд хэмжээг 50 сая төгрөг байхаар тусгажээ.


Энэ оны төсөл хүлээн авах хугацааг ирэх даваа гараг буюу нэгдүгээр сарын 8-25-ны өдрүүдэд товлосон аж. Дээрх хугацаанд хоршоо эрхлэгчид https://www.darkhan.org/ сайтад төслийн материалаа бүрдүүлэн цахимаар илгээнэ. Мөн уг тогтоолоор тэргүүлэх чиглэлийг МАА-н салбар болон хоол, хүнс үйлдвэрлэл бусад гэж тусгажээ.


Өнөөдрийн байдлаар Дархан сумын хэмжээнд 74 хоршоо бүртгэлтэй байдаг бол 41 хоршоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.




Үүнээс мал аж ахуй, хүнс үйлдвэрлэл зэрэг тэргүүлэх зэргийн 21, худалдаа үйлчилгээний чиглэлээр 10, барилга, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр долоо, оёдол, эсгий үйлдвэрлэлээр 14, авто тээвэр болон нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлээр тав бусад чиглэлээр 17 хоршоо бүртгэлтэй байна.


Хоршоо эрхлэгчдэд зориулсан сургалтыг энэ сарын 23-ны өдрөөс эхлэн аймгийн ХХААГ болон “Хөгжлийн шийдэл ТББ-ын “Бест хөтөлбөртэй хамтран чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн аж.


Ташрамд “Хоршоо хөгжүүлэх сан”-гийн зээл хүсэж буй хоршоо эрхлэгчид 2023 оны жилийн эцсийн баталгаажуулсан санхүүгийн тайлан илгээсэн байх шаардлагатай ажээ.

Связанные новости