ДАРХАН-УУЛ: “Home center” байгуулж СӨХ-ны төлбөрийг нэгдсэн системд оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-01-10 18:41:16

Дархан, 2024 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Дархан сумын орон сууцны орчны тохижилт, арчлалт, хамгаалалт, төлбөр, хураамжийг нэгдсэн системд оруулахаар "Home center” байгуулахаар ажиллаж байна.

Тодруулбал Дархан сумын ЗДТГ-аас санаачлан сууц өмчлөгчдийн холбооны чанарыг сайжруулж, оршин суугчид нь төлбөрөө хугацаанд нь төлдөг, тухайн байранд шаардлагатай ажил, засвар үйлчилгээг дор бүр нь хийдэг болгох аж.


Уг ажлыг Европын холбооны хамтарсан санхүүжилттэй “Найрамдал” төслийн хүрээнд "Аясгал” ХХК, “Данда Сольюшн” ХХК хамтран ажиллаж байна.


Олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй сууц өмчлөгчдийн холбоод байдаг. Гэвч ихэнх СӨХ нь нэр төдий, үйл ажиллагаа явуулахад хойрго ханддаг зэрэг оршин суугчдын гомдол их байдаг аж.

“Home center”  байгуулагдсанаар иргэд илүү хялбар аргаар төлбөрийн нэгдсэн системээр төлбөр тооцоогоо төлөх, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг цахимаар буюу гар утасны аппликейшнээр дамжуулан хянах. Амьдрах орчноо илүү таатай болгож, үнэ цэнийг нь өсгөх боломж бүрдэнэ гэдгийг Дархан сумын Засаг дарга онцолж байна.


Эхний удаад Дархан сумын 13, 14, 16 дугаар багт “Home center” төвийг байгуулахаар ажиллаж байна. Уг ажлын хүрээнд өнөөдөр орон сууцны хорооллын багуудын Засаг дарга, СӨХ-ны дарга, холбогдох байгууллагуудын төлөөлөлд “Home center-1” төвийг байгуулах талаарх ажлын зураглал, төлөвлөгөө, цахим болон гар утасны аппликейшн хөгжүүлэлт, хэрхэн ашиглах талаар мэдээлэл, танилцуулга хийлээ.


Нийт есөн “Home center” байгуулахаар төлөвлөсөн бөгөөд нэг “Home center”-т гурван СӨХ байхаар төлөвлөжээ.

Связанные новости