БАЯНХОНГОР: Чанарын баталгаагүй архи согтууруулах ундаа худалдан авахгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-01-18 10:18:44

Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Цахим орчинд зар тавьж, гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулах зөрчлийг Цагдаагийн газар илрүүлэн шалгаж байна. 


Тус газраас "Цахим-архи" тусгай арга хэмжээний хүрээнд зохих зөвшөөрөлгүйгээр гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулсан гурван зөрчлийг илрүүлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа аж.


Нийтийн цахим сүлжээ ашиглан гар дээрээс зохих зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн үйлдэл тул тухайн иргэнд хариуцлага тооцох үндэслэл болох юм.


Иргэд стандартын шаардлага хангаагүй, чанарын баталгаагүй, зохих зөвшөөрөлгүй архи согтууруулах ундаа хуралдан авахгүй байхыг тус газраас онцгойлон сануулав.



Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ.

Связанные новости