БАЯНХОНГОР: Гэрэл зураг болон шувуу сонирхогчдын аялалд гойд нийцэх Галуутын хавцал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-09 14:27:04

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Галуутын хавцлын ус гүнзгий, эгц цавчим, давчуу хавцлаар эрчлэн хуйларсаар урсана. Энэ хавцлын эгц хажуугийн хад чулуунд үүссэн ялимгүй тавцангууд дээр хаврын цагт усны шувууд өндөглөдөг бөгөөд хавцлын дээрээс өнгийн харахад ширээн дээр цагаан будаа цацсан мэт цайран харагдах нь сонирхолтой.

Гэрэл зураг болон шувуу сонирхогчдын аялалд гойд нийцэх Галуутын хавцал Улаанбаатар хотоос 700 орчим километр, Баянхонгор аймгийн төвөөс 75 километр, Галуут сумын төвөөс баруун тийш 20 орчим километрт оршдог. Үзэсгэлэнт, сонирхолтой тогтоц бүхий тус газар нь дотоод, гадаадын жуулчдын очих дуртай газрын нэг юм.

Олгой нуураас Галуут гол тийшээ урсан гарахдаа хоёр километр орчим урт “Галуутын хавцал”-ыг үүсгэжээ. Галуутын хавцал нь дунджаар 100-200 метр гүн, эрс цавчим хажуу ханатай, хамгийн нарийн газраа дөнгөж 2-3 метр өргөн хадан боом болж ирсэн тэр хэсэгт ялангуяа гол үерлэсэн үед хүчтэй сүрлэг хүрхрээ, боргио үүсдэг.


Давчуу хавцлаар энэ голын эрчлэн хуйларсаар урсан өнгөрөх хүч сүрдэм. Хүйтэн тунгалаг гол цавчим сүрлэг хавцлын дундуур харгиатан урсахын хажуугаар Монголд байдаг шувуудын олонх төрөл зүйл нь энд бий.


Галуутын хавцлын эгц хажуугийн хад чулуунд үүссэн ялимгүй тавцангууд дээр хээрийн галуу, хар өрөвтас зэрэг шувууд өндөглөн зусдаг. Мөс ус, намгийн шувууд болон идлэг шонхор, бүргэд элбэг.

Связанные новости