БАЯН-ӨЛГИЙ: Орон нутгийн хөгжлийн сангийн 7 тэрбум төгрөгөөр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-01-23 15:08:41

Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Орон нутгийн иргэдийн оролцоотойгоор тухайн аймаг, сумын хөрөнгө оруулалтын санхүүжилтийг Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан шийдвэрлэх боломжийг 2011 онд баталсан Төсвийн тухай хуулиар олгосон.


Тус сан нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.


Хуульд зааснаар аймаг, сумын төсвийн ерөнхийлөн захирагч нь орон нутгийн хөгжлийг дэмжих зорилго бүхий Орон нутгийн хөгжлийн сантай байна.


Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 2023 оны 221 дүгээр тогтоолоор аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2024 оны төсвөөр 67 төрлийн ажил хийхээр 4 тэрбум 348 сая төгрөгөөр баталсан.


Харин сумдын Орон нутгийн хөгжлийн санд 7 тэрбум 57 сая төгрөг хуваарилсан байна. Үүнээс Алтай сум 342.2 сая, Алтанцөгц 313.3, Баяннуур 234.6, Бугат 188.4, Булган 398.4, Буянт 150.2, Дэлүүн 670.6, Ногооннуур 731.9, Сагсай 863.7, Толбо 627.7, Улаанхус 803.6, Цэнгэл сум 882.8, Цагааннуур тосгон 50, Өлгий сумын 799.9 сая төгрөгийг иргэдийн саналаар тухайн орон нутагт нэн шаардлагатай төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажилд зарцуулна.


“Орон нутгийн сангийн үйл ажиллагааны журам”-д тухайн сангийн хөрөнгөөр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, боловсрол, соёл, инновац, шинжлэх ухаан, цахим технологи, дэд бүтэц, орчны тохижилт, ногоон байгууламж, байгаль орчныг хамгаалах, ундны усны хангамж, аймаг, сумын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, бэлчээрийн менежмент болон мал сүргийн чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах, ажлын байр бий болгоход чиглэсэн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг зөвшөөрсөн байдаг. 

Связанные новости