ДУНДГОВЬ: Аймгийн "Хошой аварга малчин өрх" гурваар нэмэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар
“Аймгийн аварга” малчин өрх, тариаланч, тэмээчин шалгаруулах тухай хэлэлцэж
шийдвэрлэв.
Тодруулбал, XVII жарны “Хилэнт-Эх” хэмээх модон луу
жилийн босгон дээр Дундговь аймгийн “Хошой аварга малчин өрх”-3, “Аварга малчин
өрх”-57, “Аварга тэмээчин өрх”-4, “Аварга саальчин”-5, “Аварга тариаланч” хоёроор
нэмэгджээ.
Жил бүр мал аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлэх, мал
маллагааны уламжлалт аргыг эзэмшин түүнийг боловсронгуй болгох, малын чанарыг
сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, мал сүргээ мал эмнэлгийн урьдчилан
сэргийлэх эзлэг, эмчилгээнд хамруулж
эрүүлжүүлэх, нэгжээс хураан авах ургац, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг
нэмэгдүүлэхэд амжилт гарган болзол хангасан малчдад дээрх шагналыг олгодог.
Энэ жил аймгийн “Хошой аварга малчин өрх”-өөр Өндөршил
сумын Цог багийн малчин Ё.Бүрэнбат, Р.Оюунсүрэн, Луус сумын Суварга багийн
малчин М.Мандах-Эрдэнэ, А.Цэцэгдэлгэр, Дэрэн сумын Алаг-Өндөр багийн малчин
Н.Батсайхан, О.Нарангэрэл нарын гэр бүл шалгарч, эрдэнэт мал сүргээ өсгөн
үржүүлж, уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх, өвлөн уламжлуулах үйлсэд гаргасан
амжилтаа ийнхүү үнэлүүлжээ.
Аймгийн “аварга саальчин”-аар Сайнцагаан сумын Үйзэн
багийн малчин Д.Оюунчимэг, Луус сумын Суварга багийн малчин С.Эрдэнэчимэг,
Дэлгэрхангай сумын Толь багийн малчин Б.Булганмаа, мөн сумын Номгон багийн
малчин Д.Уранчимэг, Гурвансайхан сумын Гурвансайхан багийн малчин Н.Ангараг нар
шалгарсан бол Сайнцагаан сумын 9 дүгээр багийн иргэн Д.Тунгалаг, Дэлгэрхангай
сумын 4 дүгээр багийн иргэн Х.Базарсүх нар “Аварга тариаланч” болсон байна.
Харин “Аварга тэмээчин” хэмээх эрхэм цолны эзнээр Өлзийт
сумын Буянт багийн тэмээчин Д.Түвшинбаатар, мөн сумын Дэрт багийн тэмээчин
Б.Жаргалсайхан, Ж.Долгор, Дэлгэрхангай сумын Толь багийн тэмээчин В.Мөнхбаатар,
Б.Булганмаа, Хулд сумын Олдох багийн тэмээчин Л.Амаржаргал, Б.Баяржаргал нарын
гэр бүл шалгарчээ.
Аймгийн ЗДТГ-аас энэ жилийн аварга малчин, тэмээчин, тариаланч,
саальчдын шагналыг 2 дугаар сарын 5-ны өдөр гардуулах бөгөөд шагнал гардуулах
үйл ажиллагаанд зарцуулах 62,9 сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулахаарх
төлөвлөжээ.