Татварыг орлогоор болон гэр бүлийн байдлаар төрөлжүүлэх боломжтойг судлаачид хөндөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-01-31 15:41:00

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Европт харааны бэрхшээлтэй иргэн замчлагч нохойтой бол Хувь хүний орлогын албан татвараа 825 еврогоор хөнгөлүүлдэг байна.

Мөн татварын хөнгөлөлтийн хамгийн дээд хэмжээ нь өөрийгөө асрах чадваргүй нэгнийг асран халамжилж байгаа хүнийг  орлогын албан татвараас нь 75.000 еврог хасаж тооцдог нарийн, тодорхой зохицуулалттай байдаг ажээ.


Дээрх жишээ Ирланд улсынх. Харин манай улсад энэ талын хөнгөлөлт, чөлөөлөлт нь хэт ерөнхий, цөөн, хамгийн гол нь оновчгүйн дээр зорилтот бүлгээ “олдоггүй”-г “Ашид Ассет менежмент” компанийн санхүүгийн шинжээч, судлаач Ц.Булгансайхан хэлж байна.

Тус компанийн судалгааны баг Хувь хүний орлогын албан татварын орлогын эх үүсвэр, энэ татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг Сингапур, Ирланд, Казахстан улсын жишигтэй харьцуулан судалснаа Нээлттэй нийгэм форумд өнөөдөр ТББ-уудын төлөөлөл болон сэтгүүлч нарт танилцуулсан юм.

Цаашлаад, Хувь хүний орлогын албан татварыг орлогоор болон гэр бүлийн байдлаар төрөлжүүлэн ногдуулж хөнгөлөлт үзүүлэх боломжтойг судлаачид хэлэв. Ингэхдээ, юуны өмнө Хувь хүний орлогын албан татварт хамрагдаж буй орлогын эх үүсвэрүүдийг тодорхойлоод, тэндээсээ нарийн зохицуулж болно гэж үзэж байгаа ажээ.


Судалгаа хийсэн “Ашид Ассет менежмент” компанийн гүйцэтгэх захирал, эдийн засагч А.Батпүрэв, “Энэ бол олон улсад Хувь хүний орлогын албан татварыг ногдуулахдаа хийж буй боловсронгуй арга хэлбэрийн нэг юм. Хамгийн гол нь тухайн хүний гэр бүл, үр хүүхэд, асран халамжлагч, өрх толгойлж буй эсэх зэрэг өрхийн нөхцөл байдалтай уялдуулан татварыг шатлан ногдуулж байгаагаар онцлог” гэдгийг тодотгож байв.




Манайд болохоор дээрх нөхцөл байдлыг огт харгалзалгүйгээр, шууд цалингаас нь татчихдаг. Гэтэл 1 сая төгрөгийн цалинтай залуу хүн байлаа гэхэд цаанаа 2-3 хүүхэдтэй, ипотекийн зээлтэй байхад ганц бие бөгөөд 5 сая төгрөгийн цалин, орлоготой хүний байдал өөр. Хувь хүмүүсийн энэ нөхцөл байдлыг л ялгаж салгаж өгвөл татварын бодлого хүндээ илүү хүртээмжтэй, эдийн засаг, нийгмийн хувьд дундаж давхаргаа бэхжүүлдэг, зорилтот бүлэгтээ хүрдэг байх юм гэдгийг тэрбээр дурдлаа.


“Үнэн хатамж” ТББ-ын захирал Ж.Сайнзаяа хэлэхдээ, “Манай улсад татвар, тэтгэвэр, тэтгэмжийн гээд хөнгөлөлт чөлөөлөлтөд 2 сая хүн хамрагддаг хэмээн шүүмжилдэг. Гэтэл яг бодит байдал тийм биш. Хөнгөлөлт чөлөөлөлт нь оновчгүй, хүртээмжгүй байдаг. Энэ нь хөнгөлөлт авч буй иргэдийн сэтгэл ханамжгүй байдлаар илэрдэг. Жишээ нь, эхчүүд гэртээ хүүхдээ хараад сууж байхдаа авдаг тэтгэмжийн 50 мянган төгрөг өнөөдөр нэг живхний ч үнэд хүрэхгүй байна.

Нийгмийн халамжийн бодлого энэ мэтээр амьдрал дээр зөрчилддөг. Гэртээ хүүхдээ болон өвчтэй хүнээ асран халамжилж буй иргэн хажуугаар нь боломж бололцоогоо ашиглаад худалдаа хийх юм уу, цагаар багшлах, бүтээл туурвихад татвар ногдуулдаг, энэрэнгүй бус зохицуулалттай байна гэв. 





Связанные новости