Үндэслэлгүй төлбөр тогтоосон тусламж үйлчилгээний журмуудыг хүчингүй болгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагуудаас баталсан төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг хянаж, зөрчилтэй дүрэм, шийдвэрийг хүчингүй болгуулж, хууль тогтоомжид нийцүүлэх ажлыг Авлигатай тэмцэх газраас үе шаттай зохион байгуулж байгаа аж.
Амгалан амаржих газар, Геронтологийн үндэсний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувилал, Эмгэг судлалын үндэсний төв зэрэг есөн байгууллагаас Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг зөрчиж, хуулиар тусгайлан эрх олгоогүй байхад батлан мөрдүүлсэн төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг хүчингүй болгуулжээ.
Тодруулбал, үндэслэлгүй төлбөр тогтоосон Эмгэг судлалын үндэсний төв, Геронтологийн
үндэсний төв, ГССҮТ, ХӨСҮТ-ийн даргын тушаалуудын холбогдох хэсгийг хүчингүй
болгуулж, хуульд нийцүүлэх ажлыг зохион байгуулсан байна.
Ийнхүү хууль
зөрчиж, үндэслэлгүй төлбөр тогтоосон дүрэм, журмуудыг хүчингүй болгуулсан нь
иргэдэд хүнд суртал, чирэгдэл үүсгэх, шат дамжлага нэмэгдүүлэх, дарамт, шахалт
үүсгэх эрсдэлээс урьдчилан сэргийлэв.