ДУНДГОВЬ: Отрын явуулын штаб Өлзийт суманд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-05 12:58:35
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Өлзийт сумын Буянт багийн нутагт отрын явуулын штаб ажиллаж, малчдад тулгамдаад байгаа зарим асуудлыг шийдвэрлэлээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.


Тодруулбал, аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргалаар ахлуулсан отрын штабын гишүүд Буянт багийн иргэд, отроор яваа болон уруудсан малын эрэлд явж буй малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, өвс, шатахуун, хүнсний тусламж өгчээ.


Тус багийн нутагт Дундговь аймгийн 7 сум, Өмнөговь аймгийн 5 сумын 10 мянга гаруй адуу оторлож байгаагаас гадна уруудаж ирсэн олон тооны адуу байна. Мөн цасны зузаан нэмэгдэж, малын хоол муудсанаас мал олноор хорогдож байгаа төдийгүй, Дорноговь аймгийн нутаг руу малаа уруудуулж алдсан хүндрэлтэй нөхцөл үүсжээ.


Цаашид малын сэг, зэм нэмэгдэж болзошгүй байгаа тул мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийг эртнээс хийх,  уруудсан малыг зохион байгуулалттай хумих, үүрэн телефоны сүлжээнд өргөтгөл хийх хэрэгцээтэй байгааг отрын штабаас холбогдох байгууллагуудад уламжилжээ.  






Связанные новости