БАЯН-ӨЛГИЙ: З.Нямсүрэн мөсөн цурын аймгийн мэргэн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-05 14:36:45

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сурын холбооноос аймгийн Биеийн тамир спортын газар, Монголын мөсөн сурын холбоо зэрэг байгууллагатай хамтран Мөсөн сурын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 3, 4-ний өдөр Өлгий сумын төвд Ховд голын мөсөн дээр зохион байгууллаа.  


Тэмцээнд Баян-Өлгий, Ховд аймгийн 130 гаруй тамирчин оролцож цэц мэргээ сорин өрсөлдсөнөөс цуваа харвааны төрөлд тус аймгийн Бугат сумын харваач, спортын мастер З.Нямсүрэн 18 оноогоор түрүүлж, Мөсөн сурын аймгийн мэргэн цол хүртлээ.


Мөн удаах байрт Алтай сумын харваач, спортын мастер, аймгийн мэргэн Н.Алтансүх 18 оноогоор, Булган сумын уугуул, Цагдаагийн газрын "Цагаан шонхор" багийн залуу харваач  Б.Төмөрмөнх 18 оноогоор, Ховд аймгийн тамирчин, мөсөн сурын Улсын нягт харваач Д.Алтангэрэл 18 оноогоор, Буянт сумын залуу харваач С.Баярсайхан 18 оноогоо тус тус шалгарлаа.


Багийн харвааны төрөлд Баян-Өлгий аймгийн Бугат сумын "Шивээт хайрхан" баг тэргүүлэв. Аймгийн Цагдаагийн газрын "Цагаан шонхор" баг дэд байр, Буянт сумын "Эзэрлэг" баг гутгаар байрт оров.


Ахмадын харваанд Ховд аймгийн ахмад харваач Д.Баярхүү тэргүүлж, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын ахмад харваач Ц.Адууч, Өлгий сумын ахмад харваач Л.Арцаа, Буянт сумын харваач, урианхай сурын Улсын Б.Насанбат, Алтанцөгц сумын ахмад харваач Ц.Хөхөө нар удаалав.


Ташрамд сануулахад, аймгийн Сурын холбооноос мөсөн сур харвааны тэмцээнийг 2015 оноос тасралтгүй явуулж байгаа ба 2021 оноос "Аймгийн аварга шалгаруулах тэмцээн" болгон өргөн хүрээнд зохион байгуулах болсон юм.

Связанные новости