ХӨВСГӨЛ: Улсын аварга малчин Д.Батмөнхийн туслах малчид нь аймаг, сумын аварга болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-06 09:03:31

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Галт сумын Зүрх багийн аймгийн аварга малчин Дондов овогтой Батмөнх нь 43 жил тасралтгүй мал маллаж Улсын аварга малчин шагналаа гардан авлаа.


Д.Батмөнх нь сүүлийн 3 жилд 1033-1275 толгой мал тоолуулж, 2011 оноос одоог хүртэл 12 жил туслах малчин ажиллуулж, 6 малчинд 640 толгой мал, уналгын 2 морь, 5 ханатай гэр 1, өвлийн сууцтай хашаа байшин тохижуулж өгчээ.




 Олон өрхийг малтай болгож өгснөөр тухайн малчид аймаг, сумын аварга малчдаар тодорсон байна.


 Мөн сум орон нутгийн түүхт ой, эрүүл мэнд, нийгмийн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулдаг тэргүүний малчин юм.


Д.Батмөнх нь 1-2 га талбайд малын тэжээл, өрхийн хэрэгцээний хүнсний ногоогоо тариалдаг малч хичээнгүй, нутаг орныхоо иргэдэд үлгэр дуурайлал болж байгаа хөдөлмөрч малчин юм.


Түүний аав Дондов 1982 онд Улсын аварга малчин болж байжээ.

 

Связанные новости