ДУНДГОВЬ: “Та бол онцгой нэгэн” үйл ажиллагаанд иргэдийг хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-07 12:26:06
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цагдаагийн газраас Сайнцагаан сумын ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, "Гэрэлтдэг ертөнц" ТББ-тай хамтран “Та бол онцгой нэгэн” үйл ажиллагааг 1 дүгээр сарын 24-нөөс хэрэгжүүлж байна.


2023 оны жилийн эцсийн байдлаар Цагдаагийн газарт бүртгэгдсэн 246 гэмт хэргийн 47,5 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа ба үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 20.6 хувиар нэмэгджээ.


Тиймээс ахуйн хүрээнд архидан согтуурах, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэх зэрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хохирогчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор бүлэг бөөгнөрөл үүсгэж, удаа дараа дуудлага, мэдээлэл өгсөн өрхөөр явах, иргэдтэй уулзаж яриа таниулга хийх, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон иргэдэд тавих хяналтыг сайжруулах ажлыг зохион байгуулж байгааг аймгийн Цагдаагийн газраас тодотголоо.


Энэхүү үйл ажиллагааны хүрээнд "Гэрэлтдэг ертөнц" ТББ-аас иргэдэд “Хувь хүн өөрийгөө олох нь”, “Үнэт зүйлсээ тодорхойлох нь”, “Итгэл үнэмшил, далд ухамсарт буй бодол санаагаа цэгцлэх ойлгох, буруу зуршлаа ялан дийлэх нь”, “Харилцааны хэв шинж”, “Мөрөөдөл, зорилго” сэдвээр хувь хүний хөгжлийн 5 модуль сургалтыг зохион байгуулж, Сайнцагаан сумын багийн Засаг дарга, Нийгмийн ажилтан болон Цагдаагийн алба хаагчид хамтран зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.  


Аймгийн Цагдаагийн газрын мэдээлснээр, 2023 оны жилийн эцсийн байдлаар иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 1663 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан бөгөөд 246 гэмт хэрэг бүртгэгджээ.


Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 20.6 хувиар, дээрмийн гэмт хэрэг нэгээр, залилангийн гэмт хэрэг дөрвөөр, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх хэрэг хоёроор, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 10-аар, хулгайн гэмт хэрэг нэгээр нэмэгдсэн бол хүчин, малын хулгай, хүнийг санаатай алах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг буурсан байна.


Гэмт хэргийн улмаас 13 хүн нас барж, 256 иргэн хохирч, 141 хүн гэмтсэн бөгөөд дээрх гэмт хэрэгт нийт 197 хүн холбогдон шалгагджээ.


“Та бол онцгой нэгэн” үйл ажиллагаа энэ сарын 29 хүртэл үргэлжлэх юм.  









Связанные новости