Н.Баяртсайхан: Интервенци хийхийг гол зарчмаа болгохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-09-29 16:26:08

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан валютын ханшийн өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр хэлэхдээ, “Төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд Монголбанк анхаарч ажиллана. Валютын ханш замбараагүй өсөх нь импортын барааны үнэ ханшид шууд нөлөөлж, иргэдийн амьдралд хүндрэл үүсгэдэг. Нөгөө талаар арилжааны банкуудын зээлийн бодлогод нөлөөлнө. Ихэнх зээлдэгчид валютын зээлтэй байгаа учраас бид энэ асуудалд анхаарал хандуулж байгаа. Өнгөрсөн жилүүдэд интервенци хийснээр гадаад валютын нөөц багассан. Цаашид интервенци хийхийг гол зарчмаа болгохгүй. Тиймээс Төвбанк мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх уламжлалт аргаа хэрэглэсэн. Энэ нь цаанаа хүмүүст хүнд тусах  ч эдийн засгийн суурь нөхцөл байдал сайжирна. Харин гадаад валютын нөөц, экспорт, импортын урсгал нэмэгдэх үед Монголбанк бодлогын хүүгээ бууруулах арга замыг үе шаттай хэрэгжүүлнэ” хэмээн мэдэгдэв.           Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг 10.5-аас 15 хувь болгон өсгөж, валютын нөөцөө хамгаалах, хурдтай өсч байгаа валютын ханшийн өсөлтийг тогтворжуулах зарчмыг баримталсан. Түүнчлэн цаашид их хэмжээний валют гарган интервенци хийх замаар ханшийг тогтворжуулах боломж манай улсын хувьд хомсдож байгааг тэд дуулгалаа.

 Б.Заяа

Связанные новости