ХОВД: Цас их орсны улмаас баруун бүсийн сумдад хаваржилт хүндэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-02-19 12:09:52

Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд Ховд аймгийн ихэнх нутгаар хүчтэй салхи шуурга болж, баруун бүсийн сумдад их хэмжээний цас орлоо.

 

Одоогийн байдлаар Ховд аймгаас Булган, Алтай, Мөст сумын чиглэлд Бага улаан даваа, Бодончийн хавцал гэх мэт газарт  үүссэн цасыг цэвэрлэж, авто замын хөдөлгөөнийг нээж байна. 

 

Тус аймгийн ихэнх нутагт одоогоор хүйтэн, зам халтиргаа гулгаатай байгаа тул иргэдийг холын замд зорчихдоо аюулгүй байдлаа бүрэн хангахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

 

Өнгөрсөн өдрүүдэд болсон хүчтэй салхи шуурга, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас салхинд уруудсан, төөрсөн, сураггүй болсон гэх 28 дуудлага хүлээн авч, чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллажээ.


Нийт 22 иргэнийг эсэн мэнд олж, мөн тооны иргэдийн аюулгүй байдлыг хангасан байна.


Хүчтэй цасан болон шороон шуурга, аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 18-нд Ховд аймгийн Онцгой комисс хуралдлаа.


Хурлын явцад хаваржилт хүндэрсэн баруун бүсийн Булган, Алтай, Үенч суманд хэрэгжүүлэх дараах шийдвэрийг гаргажээ.

Үүнд:

  • Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг гурван хоногийн хугацаанд түр хааж, хоёрдугаар сарын 22-ны өдөр буюу пүрэв гараг гэхэд шаардлагатай бүх замын цасыг цэвэрлэж, зам гаргах
  • Булган суманд улсын нөөцөөс 70 тонн тэжээлийг 50 хувь, аймгийн нөөцөөс 1500 боодол өвсийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох 
  • Алтай, Үенч суманд улсын нөөцөөс 50 тонн тэжээлийг 50 хувь, аймгийн нөөцөөс 1000 боодол өвсийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, 500 литр түлшийг буцалтгүй үнээр олгох
  • “Алтайн зам” ХХК-ийн арчилгаа, цэвэрлэгээ хариуцдаг Барлагийн буюу нүүрс тээврийн замыг тодорхойгүй хугацаагаар хааж, авто замын арчилгааг түргэн шуурхай хийх зэрэг үүрэг чиглэл өгөв. 

 

Связанные новости